Дэлхийн хөгжмийн зах зээлийн гурван том компанийн нэг болох Warner Music Group (WMG) нь хиймэл оюуны технологийн Sureel AI стартапыг худалдан авснаа албан ёсоор зарлалаа. Энэхүү алхам нь хөгжмийн салбарт хиймэл оюуны нөлөө улам бүр нэмэгдэж буй энэ үед оюуны өмчийг хамгаалах томоохон алхам болж байна.

Sureel AI нь хиймэл оюуны загварууд яг ямар контент дээр тулгуурлан сургалт явуулж байгаа болон үр дүн нь хаана ашиглагдаж байгааг нарийн хянах боломжийг олгодог технологи юм. Тодруулбал, дуу хөгжмийн зохиогчид болон уран бүтээлчдийн бүтээлийг хиймэл оюун зөвшөөрөлгүйгээр ашиглах эрсдэлээс сэргийлэх, улмаар зохиогчийн эрхийг зөв тооцоолох зорилготой ажээ.

Warner Music Group-ийн хувьд энэхүү худалдан авалт нь зөвхөн хяналт тавих төдийгүй, хиймэл оюуны компаниудтай хамтран ажиллахдаа хэрхэн шударгаар орлого хуваах, лицензийн гэрээг хэрхэн үр дүнтэй байгуулах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байгааг харуулж байна. Хөгжмийн салбарт хиймэл оюуны бүтээсэн дуунууд олширч, уран бүтээлчдийн эрх ашиг зөрчигдөх асуудал хурцаар тавигдаж буй өнөө үед ийм төрлийн хяналтын хэрэгсэл нэн чухал болоод байгаа юм.

Sureel AI-ийн технологи нь WMG-д өөрийн уран бүтээлчдийн дууг хиймэл оюуны загварууд хэрхэн "суралцаж" байгааг бодит цаг хугацаанд хянах боломжийг олгох бөгөөд энэ нь ирээдүйд хөгжмийн салбарын хууль эрх зүйн орчинд томоохон өөрчлөлт авчирна гэж шинжээчид үзэж байна. Одоогоор наймааны үнийн дүн болон бусад нарийн ширийн мэдээллийг нууцалж байгаа хэдий ч энэ нь хөгжмийн салбарын технологийн шилжилтийн томоохон хэсэг болох нь тодорхой байна.