Эрүүл мэнд, фитнесийн хэмжигч төхөөрөмж үйлдвэрлэгч Whoop брэнд өөрсдийн хамгийн загварлаг шинэ загвар болох Meridian оосор буюу бугуйвчаа албан ёсоор танилцууллаа. Уг оосор нь хэрэглэгчдийн өдөр тутмын хэв маяг болон гоёл чимэглэлд зохицохоор бүтээгдсэнээрээ онцлогтой юм.
Өдөр шөнөгүй буюу 24/7 зүүх зориулалттай фитнес төхөөрөмжүүдийн гол сул тал нь хэт спортлог харагддаг явдал байдаг. Өдөр тутамдаа эсвэл бэлтгэл хийж байх үед энэ нь асуудал биш байж болох ч онцгой үйл явдал, хүлээн авалтын үед резинэн эсвэл даавуун оосор зүүх нь тийм ч тохиромжтой биш байдаг билээ. Ийм үед хэрэглэгчид Oura Ring зэрэг бусад гоёлтойгоо уусдаг бүтээгдэхүүнийг илүүд үзэх нь бий. Үүнийг шийдвэрлэхийн тулд Whoop брэнд Meridian оосор бүтээжээ.
Уг шинэ оосор нь усны хамгаалалттай зэвэрдэггүй ган торон хийцтэй (Milanese-style mesh) бөгөөд загварын хувьд Apple Watch-ийн Milanese Loop оосортой нэлээд төстэй харагдана. Түүнчлэн нарийссан хэлбэртэй загвар болон соронзон тохируулагчтай хийгджээ.
Whoop-ийн Meridian оосор нь алтлаг (gold), ягаан алтлаг (rose gold), мөнгөлөг (silver) болон царцсан хар (matte black) гэсэн нийт дөрвөн өнгөний сонголттойгоор гарч байгаа аж.
Уг оосрыг үндсэн төхөөрөмжөөс нь тусад нь худалдаж авах шаардлагатай бөгөөд үнэ нь 149 ам.доллар байна. Одоогоор Whoop-ийн албан ёсны дэлгүүрээр худалдаалагдаж эхлээд байна.