Жон М. Чугийн найруулсан, алдарт дуучин, жүжигчин Ариана Гранде болон Синтия Эриво нарын гол дүрд нь тоглосон “Wicked” болон “Wicked: For Good” бүтээлүүдийг симфони найрал хөгжмийн хамт амьдаар үзэгчдэд хүргэх төсөл ирэх жил нээлтээ хийхээр төлөвлөгджээ.
Энэхүү тоглолтын үеэр киног өндөр нягтаршилтай HD дэлгэцээр гаргах бөгөөд симфони найрал хөгжим Стивен Шварцын үг, ая бүхий дуунууд болон түүний Жон Пауэллтай хамтран бүтээсэн аялгууг кинотой бүрэн нийцүүлэн амьдаар тоглох юм. Энэхүү төслийг “Universal Film” болон “Universal Destinations & Experiences” компаниуд, мөн өмнө нь “La La Land in Concert”, “Whiplash in Concert” зэрэг тоглолтуудыг зохион байгуулж байсан Оскарын шагналт хөгжмийн зохиолч Жастин Гурвицын “Hurwitz Concerts” компанитай хамтран хэрэгжүүлж байна.
Жастин Гурвиц уг форматын талаар хэлэхдээ: “Би киног амьд хөгжимтэй хослуулах хэлбэрт маш их дуртай бөгөөд ‘Wicked’ кинонууд үүнд төгс тохирно гэж бодож байна. Стивен Шварцын шилдэг мюзикл болон Жон Пауэллын гайхалтай хөгжмийг дэлхийн өнцөг булан бүрийн тайзнаа хүргэхэд хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байна” хэмээн онцолжээ. Мөн хөгжмийн зохиолч Стивен Шварц өөрийн бүтээл нь туршлагатай багийн удирдлага дор ийм хэлбэрээр үзэгчдэд хүрэх болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
Аяллын хуваарийн хувьд нэгдүгээр сарын 16-нд Сан-Францискод урьдчилсан тоглолт болох бол нэгдүгээр сарын 30-нд Нью-Йоркийн “Radio City” танхим болон Чикагод албан ёсоор эхэлнэ. Үүний дараа гуравдугаар сарын 6-нд Мехико, дөрөвдүгээр сард Гвадалахара болон Монтеррей, тавдугаар сарын 29-нд Торонто, долдугаар сард Монреаль, Ванкувер зэрэг хотуудад үргэлжлэх бөгөөд цаашид өөр олон хот, хуваарийг нэмж зарлах ажээ.