Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн холбоо буюу WNBA-ийн комиссар Кэти Энгелберт албан тушаалаасаа бууж магадгүй байна. NBA-ийн комиссар Адам Сильвер түүнийг орлох тохирох хүнийг хэзээ олохоос шалтгаалан тэрбээр энэ оны сүүлч эсвэл 2027 оны эхээр ажлаа өгч болзошгүй байгаа аж.

Энгелберт The Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа лигийн эзэд болон Сильверт нэр дэвшигчдийн жагсаалтыг аль хэдийн хүргүүлсэн гэдгээ хэлжээ. Тэрбээр “Бид үлдсэн дөрвөн сарын хугацаанд залгамжлах үйл явцыг бодитоор явуулна. Хэрэв тохирох хүн олдохгүй бол би үргэлжлүүлэн ажиллана” хэмээн тодотгосон байна. Тэрбээр 2019 онд ажлаа авахдаа ямар ч залгамж халаагүйгээр шууд эхлүүлж байсан тул дараагийн удирдагчид ажлаа хүлээлгэн өгөхөд тусална гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Кэти Энгелбертийн 2019 оноос хойших удирдлагын үед WNBA хоёр удаа хамтын гэрээ (CBA) байгуулж, багуудын үнэлгээ өсөн, шинээр багууд нэмэгдэж, лигийн дэлхий дахинд эзлэх байр суурь тэлсэн. Гэвч тамирчидтай харилцах харилцаа, талбайн гаднах маргаантай асуудлууд, шүүлтийн түвшин болон 17 сарын турш үргэлжилсэн CBA хэлэлцээрийн шүүмжлэл нь эдгээр амжилтыг сүүдэртүүлсэн юм. Нафиса Коллиер зэрэг одод түүний удирдлагыг “хамгийн муу манлайлал” гэж нэрлэж байсан бөгөөд олны бухимдал Бүх оддын тоглолт, Комиссарын цомын финал зэрэг томоохон арга хэмжээнүүдийн үеэр үзэгчдийн эсэргүүцлийн хашхираанаар илэрч байв.

Дараагийн комиссар хэн байж болох вэ?

Энгелбертийг орлох боломжит нэр дэвшигчдийн дунд лигийн үйл ажиллагаа хариуцсан тэргүүн, өмнө нь тоглогч байсан Бетани Донафин нэрлэгдэж байна. Мөн WNBA-ийн гурван удаагийн аварга, Сагсан бөмбөгийн алдрын танхимын гишүүн Свин Кэш болон Дьюкийн их сургуулийн спорт хариуцсан дэд захирал Нина Кинг нар уг албан тушаалд яригдаж буй хувилбаруудад багтаж байна.