АНУ-ын эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу WNBA-ийн "Лос-Анжелес Спаркс" багийн ахмад тоглогч Ннека Огвумике 15 дахь улирлынхаа дараа тус лигээс зодог тайлахаар болсноо зарлалаа.

Тэрбээр "Boardroom" сувгийн Тейлор Рүүкстэй хийсэн ярилцлагадаа өндөр түвшинд 15 жил өрсөлдсөндөө сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Огвумике 2012 онд шилдэг шинэ тоглогч болж, 2016 онд Лигийн үнэ цэнтэй тоглогчийн (MVP) шагналыг хүртэж байснаас гадна 2026 оны гуравдугаар сарын хамтын гэрээний хэлэлцээрт чухал үүрэг гүйцэтгэж, цалингийн дээд хэмжээг 1.5 сая доллароос 7 сая доллар болгон өсгөхөд нөлөөлсөн түүхтэй.

Түүний шийдвэрийн талаар WNBA-ийн комиссар Кэти Энгелберт мэдэгдэл хийхдээ Огвумикег энэ улирлын төгсгөлд зодог тайлах гэж буйг онцолж, лигт оруулсан асар их хувь нэмрийг нь өндрөөр үнэлжээ. Түүнчлэн Пэйж Бюкерс, Арике Огунбовале, Камерон Бринк, Анжел Риз зэрэг бусад тоглогчид түүний гаргасан шийдвэрт сэтгэл хөдлөлөө илэрхийлэн сошиал хуудсаараа хуваалцсан байна.

Одоогоор "Лос-Анжелес Спаркс" баг 12 хожил, 23 хожигдолтойгоор хүснэгтийн доогуур бичигдэж байгаа бөгөөд улирлын сүүлийн тоглолтоо есдүгээр сарын 24-нд "Голден Стэйт Валкириз" багийн эсрэг хийнэ. Огвумике энэ улиралд багаа тэргүүлэн дунджаар 16.9 оноо, 8.7 самбараас бөмбөг авалт дундажлаад байна.

WNBA-ийн замналаа өндөрлүүлж байгаа ч тэрбээр сагсан бөмбөгийн ертөнцөөс бүрэн холдохгүй байж магадгүй юм. Сэтгүүлч Алекса Филиппугийн мэдээлснээр Огвумике нь 2027 онд нээлтээ хийхээр төлөвлөж буй "Project B" олон улсын шинэ лигтэй гэрээ байгуулсан анхны тоглогчдын нэг бөгөөд тус лигт талбайд гарах төлөвлөгөөтэй байгаа ажээ.