АНУ-ын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн лиг буюу WNBA-ийн Атланта Дрийм (Atlanta Dream) багийн зах зээлийн үнэлгээ эрс өсөж, улмаар 300 сая ам.доллароос давсан дүнгээр зарагдаж болзошгүй тухай лигийн эх сурвалжууд дурджээ.
Ларри Готтесдинерийн ахалсан хөрөнгө оруулалтын групп 2021 онд тус багийг ойролцоогоор 10 сая ам.доллароор худалдан авч байсан юм. Харин одоо багийн үнэлгээ хэрхэн өссөн талаар янз бүрийн тооцоо гарч байна. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард Sportico агентлаг тус багийг 280 сая ам.доллароор үнэлсэн нь тухайн үедээ лигийн хамгийн доод үзүүлэлт байсан бол өөр нэгэн жагсаалтад 330 сая ам.доллароор үнэлжээ. WNBA-ийн зарим эх сурвалж тус багийн бодит үнэлгээг 300 сая ам.доллароос давж магадгүй хэмээн үзэж байна.
Шинэ эзэмшигч тодрох магадлал
Sports Business Journal болон BRW Sports-ийн мэдээлснээр, NBA-ийн Атланта Хокс багийн эзэн Тони Ресслерийн удирддаг групп Атланта Дрийм багийг худалдан авах хувилбарыг авч үзэж магадгүй байгаа аж. Гэхдээ багийн худалдаа одоогоор тодорхой болоогүй бөгөөд одоогийн эзэмшигч Ларри Готтесдинер зөвхөн WNBA-д зориулсан шинэ ордон барих төлөвлөгөөтэй байгаа тул ойрын хугацаанд зарахгүй байх магадлалтай гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
Атланта Дрийм баг 2013 оноос хойш анх удаа WNBA-ийн шигшээ тоглолтод шалгарсан бөгөөд 3,500 хүний суудалтай Gateway Center ордондоо гурван улирал дараалан бүх тасалбараа бүрэн борлуулж, улирлын тасалбар эзэмшигчдийн тоогоо таван жилийн дотор 400 гаруй хувиар өсгөжээ.