X платформ (хуучнаар Twitter) богино хэмжээний босоо бичлэг бүтээгчдийг татах, тэднийг контентоосоо орлого олоход нь туслах хэд хэдэн шинэ боломжуудыг танилцууллаа. Тус компанийн бүтээгчдийн багийн мэдээлснээр видео контент нь платформ дээрх хамгийн хурдацтай өсөж буй хэлбэр болоод байгаа бөгөөд видеотой нийтлэлүүд 5 дахин их хандалт авч, нийт сэтгэгдэл, үзэлтийн (impressions) 36 хувийг бүрдүүлж байна.

Шинэчлэгдсэн эдитор болон клип хийх хэрэгсэл

X платформ апп дотроо шууд бичлэг хийх, тайрах, хадмал тайлбар үүсгэх боломжтой шинэчилсэн эдиторыг үзүүллээ. Энэхүү эдитор нь бичлэгийг хэсэгчлэн хийх, ногоон дэлгэц (green screen) ашиглах, мөн хэвтээ хэлбэртэй бичлэгийг нэг товшилтоор босоо хэлбэрт шилжүүлэх боломжийг олгодог. Үүнээс гадна 11 дүгээр сарын 20-нд зарласан шинэчлэлтээр нэг нийтлэлд 20 хүртэлх зураг болон бичлэгийг хамтад нь багтаан нийтлэх боломжтой болсон юм.

Түүнчлэн өмнө нь iOS болон Android дээр нэвтрүүлээд байсан бичлэгээс хэсэгчлэн таслах (clipping) хэрэгсэл одоо вэб хувилбар дээр ашиглах боломжтой болжээ. Хэрэглэгчид доод тал нь хоёр минутын урттай бичлэгээс 5-аас 60 секундийн урттай хэсгийг таслан авч, өөрийн тайлбарыг нэмэн нийтлэх боломжтой. Тасалж авсан клип нь эх бичлэгийн 30 хүртэлх хувийг л эзлэх ёстой бөгөөд уг клипийг үзэж буй хэрэглэгч тусгай товчлуур дээр дарж эх бичлэгийн тухайн хэсэг рүү шууд шилжих боломжтой юм. Энэ нь “Original Content Rewards” хөтөлбөрийн хүрээнд анхны бичлэгийг бүтээгч болон клип хийсэн хэрэглэгчийн аль алинд нь орлого хуваалцах нөхцөлийг бүрдүүлж байна.

Бүтээгчдийг дэмжих урамшууллын хөтөлбөр

X компани өнгөрсөн аравдугаар сараас туршиж эхэлсэн "Video Kickstart Bonus" хэмээх зөвхөн урилгаар хамрагдах боломжтой хөтөлбөрөө онцоллоо. Энэхүү урамшууллыг авахын тулд бүтээгчид нэг сарын хугацаанд, 15 өөр өдөр шаардлага хангасан 15 босоо бичлэг нийтлэх шаардлагатай.

Нийтлэгдэх бичлэгүүд нь бүтээгчийн өөрийн бүтээл байх, 9:16 босоо форматтай, гурван минутаас богино байх ёстой юм. Хэрэв өөр платформын лого, усны тэмдэггүй бол TikTok, Instagram Reels, YouTube Shorts дээр нийтэлсэн бичлэгүүд ч тооцогдоно. Хөтөлбөрт хамрагдсан бүтээгчид өөрсдийн урамшууллыг Creator Studio хэсгээс харах боломжтойгоос гадна Premium+ эрхгүй хэрэглэгчдэд уг эрхийг нэг жилийн хугацаанд үнэгүй олгож байна.