Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялснаас хойш анх удаа XRP коины ханш 1 ам.доллароос доошилж уналаа. Зах зээл дэх борлуулалтын шахалт гүнзгийрч, хөшүүрэгтэй (leverage) арилжаа эргэн сэргэж байгаа энэ үед дижитал активын ханш 0.99 ам.доллар хүртэл буурсан байна. Энэ нь 2024 оны 11-р сараас хойших хамгийн сул үзүүлэлт болж байгаа бөгөөд сонгуулийн дараах өсөлтийн хамгийн чухал босгыг ийнхүү ухраалаа.

Уг токен нь 2024 оны 11-р сарын 16-нд анх 1 ам.долларын босгыг давж, улмаар 2025 оны 7-р сард 3.42 ам.долларын оргил цэгтээ хүрч байсан юм. Гэвч үүнээс хойш крипто зах зээлийн ерөнхий уналт уг өсөлтийг үгүй хийж, биржүүд дээрх арилжааны идэвхжил нь богино хугацаанд худалдагчид зах зээлийг хяналтдаа авсныг харуулж байна. Мөн үүнтэй зэрэгцэн 200,000 XRP хулгайлагдсан таагүй мэдээлэл гараад байна.

Арилжаачид ханшийн уналтад бооцоо тавьж эхлэв

XRP-ийн байр суурь өөрчлөгдөж байгаа нь дериватив зах зээл дээр хамгийн тодорхой ажиглагдаж байна. Арилжааны захиалга худалдагч талд ашигтай хэвээр байгаа ч арилжаачид эрсдэлээ дахин нэмэгдүүлж эхэлжээ. CryptoQuant-ийн мэдээллээр, Binance бирж дээрх XRP-ийн нээлттэй сонирхол (open interest) 8-р сарын 1-нд -13% байсан бол 8-р сарын 11 гэхэд 7.4% болж өөрчлөгдсөн байна. Энэ нь сарын эхээр эрсдэлээ бууруулж байсан арилжаачид дахин хөшүүрэгтэй позицуудыг нэмэгдүүлж эхэлснийг илтгэнэ.

CryptoQuant-ийн шинжээч JA Maartun-ий тэмдэглэснээр, XRP-ийн нээлттэй сонирхол дахин 171 сая ам.доллароор буюу 20.5%-иар өссөн байна. Гэвч энэхүү нэмэлт хөшүүрэг нь худалдан авагчдын хүчтэй шахалт болж хувирсангүй. Binance-ийн хугацаагүй фьючерсийн хуримтлагдсан эзлэхүүний зөрүү (CVD) 8-р сарын эхээр -251 сая ам.доллар байсан бол 8-р сарын 11 гэхэд -349.5 сая ам.доллар болж буурчээ. Энэхүү сөрөг үзүүлэлт нь худалдагчид худалдан авагчдаас илүү түрэмгий байгааг харуулж байна.

Спот зах зээл дэх ухралт

Үүнтэй ижил төстэй сулрал спот зах зээл дээр ч ажиглагдлаа. Төвлөрсөн биржүүд дэх CryptoQuant-ийн тооцоолсон CVD үзүүлэлт мөн хугацаанд ойролцоогоор 193 сая ам.доллароос -34.3 сая ам.доллар болтлоо буурч, бараг 227 сая ам.долларын ухралт хийжээ.

CoinGlass-ийн мэдээллээр XRP-ийн лонг болон шорт позицын харьцаа 0.8432-той тэнцэж байгаа бөгөөд нийт позиц авсан данснуудын 45.7% нь лонг (өсөлтөд бооцоо тавьсан), харин 54.3% нь шорт (уналтад бооцоо тавьсан) байна. Энэхүү тоо баримтууд нь зах зээлд хөшүүрэг эргэн ирж байгаа ч бодит арилжаанууд борлуулалт руу хэлбийж, худалдагчид богино хугацааны захиалгын урсгалыг тодорхойлж байгааг баталж байна.

Одоогоор дериватив зах зээлийн хэмжээ энэ оны эхэн үеийн хүчтэй байсан үетэй харьцуулахад харьцангуй бага хэвээр байгаа юм. Мягмар гарагийн байдлаар XRP-ийн фьючерсийн нээлттэй сонирхол 2.69 тэрбум ам.доллар, харин 24 цагийн фьючерсийн эргэлт 2.17 тэрбум ам.доллар байв. Харьцуулбал, 1-р сарын 5-нд фьючерсийн арилжааны хэмжээ 5.93 тэрбум ам.долларт хүрч байжээ.