CryptoSlate-ийн мэдээлснээр, 7 дугаар сард XRP-д суурилсан сангууд алткойны зах зээлд хамгийн их хөрөнгө оруулалт татсан байна. SoSoValue-ийн мэдээллээр, АНУ-д бүртгэлтэй эдгээр сангууд тус сард 27.29 сая ам.долларын хөрөнгө татсан нь Solana-ийн 14.62 сая ам.доллартай харьцуулахад бараг хоёр дахин их үзүүлэлт юм. Үүний араас Chainlink 4.54 сая, Hedera 3 сая ам.долларын хөрөнгө оруулалт авчээ.
XRP-ийн тогтвортой байдал
XRP-ийн сангууд дөрөвдүгээр сараас хойш нэг ч удаа хөрөнгийн гадагшлалт бүртгүүлэлгүй, сар бүр хамгийн их хөрөнгө татсан эхний хоёр байрт тогтмол орж байна. Дөрөвдүгээр сард 81.59 сая, тавдугаар сард 131.94 сая, зургадугаар сард 59.46 сая, долдугаар сард 27.29 сая ам.долларыг тус тус татсанаар нийт дөрвөн сарын хугацаанд 300 сая гаруй ам.доллар нэмэгджээ. Ингэснээр XRP-ийн сангуудын нийт хуримтлагдсан хөрөнгө оруулалт 1.5 тэрбум ам.доллар орчимд хүрсэн нь алткойны бүтээгдэхүүнүүд дундаа хамгийн өндөр үзүүлэлт юм.
Бусад алткойнуудын төлөв
Хэдийгээр XRP тэргүүлж байгаа ч өрсөлдөөн нэмэгдэж байна. Solana-ийн сангууд зах зээлд нэвтэрснээсээ хойш 1.15 тэрбум ам.долларын хөрөнгө хуримтлуулсан бөгөөд 7 дугаар сард дахин хоёрдугаар байрт бичигдлээ. Түүнчлэн Hyperliquid сангууд тав, зургадугаар сард 293 сая ам.доллар татаж, XRP-ийг түр хугацаанд гүйцэж байсан ч 7 дугаар сард анх удаа хөрөнгийн гадагшлалт бүртгүүлжээ.
Бусад алткойны зах зээлийн хувьд хөрөнгө оруулалт сул, тогтворгүй байна. Avalanche болон Polkadot 7 дугаар сард ямар ч шинэ хөрөнгө оруулалт аваагүй бол BNB зургадугаар сарын 11-нээс хойш цэвэр хөрөнгө оруулалт бүртгүүлээгүй байна. Зах зээл дээр шинэ бүтээгдэхүүнүүд нэмэгдэж байгаа ч хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээ эдгээр бүтээгдэхүүнүүдэд хангалттай хүрэхгүй байгаа нь ажиглагдаж байна.