Найруулагч Алекс Гибнигийн бүтээсэн тэрбумтан Илон Маскийн тухай дөрвөн цагийн баримтат кино болох "Musk" бүтээлийн төлбөртэй сурталчилгааг түгээхийг YouTube болон Meta компаниуд зөвшөөрөх төлөвтэй болсныг The Hollywood Reporter мэдээллээ.

Уг кино нь Венецийн олон улсын кино наадам дээр нээлтээ хийж, ихээхэн үнэлгээ авсан бөгөөд аравдугаар сарын 9-нд театруудаар гарах товтой байна. Гэвч киног түгээгч Bleecker Street компанийн зүгээс томоохон цахим платформууд дээр трейлерийг сурталчлах эрх худалдан авахад саад тулгарсан юм. Эхэндээ YouTube, TikTok болон Instagram, Facebook-ийг эзэмшдэг Meta платформууд тус киноны трейлерийг сурталчлахаас татгалзсан бөгөөд үүнийгээ уг сурталчилгаа "улс төрийн агуулгатай" холбоотой хэмээн тайлбарлаж байв.

Эдгээр платформууд SpaceX болон X компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийг шүүмжилсэн киног хавчиж, түүний эсэргүүцэлтэй тулгарахаас зайлсхийж байна гэсэн шүүмжлэл олон нийтийн сүлжээнд хүчтэй өрнөсний дараа дээрх компаниуд байр сууриа өөрчилжээ.

YouTube-ийн зүгээс сурталчилгааг "түр хугацаанд хязгаарласан" байсан бөгөөд одоо гарах боломжтой болсон гэж мэдэгдсэн бол Meta компани анхны татгалзсан шийдвэрээ "алдаа байсан" хэмээн тайлбарласан байна. Харин TikTok болон Маскийн эзэмшдэг X платформ одоогоор эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байна.