Америкийн алдарт хамтлаг Zac Brown Band-ынхан Бостон хотын Fenway Park цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтынхоо үеэр үзэгчдэдээ томоохон гэнэтийн бэлэг барилаа. Хамтлагийн гоцлол дуучин Зак Браун тоглолтын дундуур 37,000 гаруй үзэгч тус бүрт Margaritaville at Sea хөлөг онгоцоор үнэгүй аялах эрх бэлэглэхээ зарласан байна.
Дуучин залуу "Same Boat" дуугаа дуулахаасаа өмнө "Өнөө орой бид Жимми Баффет ч 'галзуу' гэж хэлэхээр зүйлийг хийх гэж байна. Би энд байгаа хүн бүрт хоёр хүний аялалын эрх бэлэглэж байна. Энэ бол амьд хөгжмийн түүхэн дэх хамгийн том бэлэг юм" хэмээн мэдэгджээ. Энэхүү бэлгийн нийт үнэлгээ 40 сая гаруй ам.доллар хүрсэн нь амьд хөгжмийн арга хэмжээнүүдийн түүхэнд үзэгчдэд олгосон хамгийн том бэлэг болсон гэдгийг албан ёсны мэдэгдэлд дурдсан байна.
Margaritaville at Sea компанийн гүйцэтгэх захирал Кристофер Иви хэлэхдээ, "Бид Зактай хамтран түүний шүтэн бишрэгчдэд ийм гайхалтай сюрприз барих болсондоо баяртай байна. Энэ бол түүний карьерын туршид дэмжиж ирсэн шүтэн бишрэгчдэдээ талархал илэрхийлэх ер бусын арга байлаа" гэжээ.
Zac Brown Band хамтлагийнхан энэхүү аялалын бэлгийг зөвхөн нэг удаагийн үйл ажиллагаагаар хязгаарлаагүй байна. Тэд АНУ-д үргэлжилж буй "Love & Fear" аялан тоглолтынхоо хүрээнд тоглолт бүр дээр дөрвөн азтанд аялалын эрх олгож байгаа аж. Эдгээр азтанууд 2027 оны нэгдүгээр сард ашиглалтад орох "Beachcomber" хөлөг онгоцоор аялах юм. Уг хөлөг онгоц нь талийгаач Жимми Баффеттай хамтран бүтээсэн "Same Boat" хөгжмийн танхимтай байх юм.
Хамтлаг өөрсдийн найм дахь студийн цомог болох "Love & Fear"-ийн нэрээр нэрлэсэн 27 тоглолт бүхий аялан тоглолтоо долдугаар сард эхлүүлсэн бөгөөд арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.