Австралийн дуучин, ая зохиогч Фанни Ламсден 10-р сарын 30-нд өөрийн бие даасан тав дахь студийн цомог болох “Traditions”-оо олон нийтэд хүргэлээ.
Тэрбээр 2023 оны ARIA Awards наадмаас өмнөх “Hey Dawn” цомгоороо шилдэг кантри цомгийн шагнал хүртэж байсан бөгөөд тухайн үед кантри хөгжмийн нэрт төлөөлөгч Долли Партон ялагчаар түүний нэрийг зарлаж байсан юм. Ламсден энэ талаараа Substack хуудсандаа “Долли Партон миний нэрийг дуудсан. Энэ бол миний замналын төдийгүй магадгүй амьдралын минь оргил үе байсан” хэмээн дурссан байдаг.
Шинэ цомгийн тухай
Нийт 11 дуунаас бүрдсэн “Traditions” цомогт уламжлал биднийг хэрхэн бүрдүүлдэг, ямар үнэ цэнтэй болохыг хөнджээ. Продюсер Стивен Шрамтай хамтран ажилласан уг цомгийг Ламсден өөрийн хамтлаг The Daddies-тэй хамт есөн өдрийн турш амьдаар (live) бичүүлсэн байна. Тус цомогт “Difficult Woman”, “Mother’s Eyes” болон алдарт дуучин Пол Келлитэй хамтарсан “By The River” зэрэг уран бүтээлүүд багтжээ.
Бие даасан уран бүтээлч Ламсден нь нөхөр Дэн Фримантайгаа хамтран менежментээ хийдэг бөгөөд нөхөр нь хамтлагийн басс гитарчин төдийгүй тэдний Red Dirt Road Records хөгжмийн лейблийн менежерээр ажилладаг юм.