Калифорни гаралтай дуучин, дуу зохиогч бөгөөд контент бүтээгч Алекс Уоррен “The Tonight Show Starring Jimmy Fallon” нэвтрүүлгийн тайзнаа ээлжит үзүүлбэрээ толилууллаа. Тэрбээр есдүгээр сарын 30-ны лхагва гарагт цацагдсан дугаарт хамтлагийнхаа хамт оролцож, “Wildchild” цомгийнхоо “Cry Wolf” хэмээх уянгалаг дууг дуулсан байна.
Нью-Йорк хот дахь NBC-ийн студид болсон уг үзүүлбэрийн тайзны засал болон утааны төхөөрөмж нь хуучны “Hammer Film”-ийн бүтээлүүдийг санагдуулам, шөнийн цэцэрлэгт хүрээлэнгийн нууцлаг уур амьсгалыг бүрдүүлжээ. Уоррен саяхан “Finding Family on the Road” нэртэй дэлхийн аялан тоглолтоо амжилттай дуусгаад байсан юм.
Алекс Уоррены хувьд сүүлийн хоёр жилд карьерын өндөр амжилт гаргаад байна. Түүний “Ordinary” дуу өнгөрсөн онд “Billboard Hot 100” чартыг 10 долоо хоногийн турш тэргүүлсэн бол Их Британийн “Official U.K. Singles Chart”-ийг 13 долоо хоног дараалан тэргүүлж, тус улсын чартыг хамгийн олон долоо хоног тасралтгүй манлайлсан Америк уран бүтээлч болсон билээ. Мөн уг бүтээл нь 2025 онд Австралид хамгийн их борлуулагдсан сингл болжээ.
Наймдугаар сард гарсан түүний “Wildchild” цомог болон өмнөх цомог нь хоёул Их Британийн цомгийн чартыг тэргүүлсэн юм. Тэрбээр одоогоор таван iHeart Radio Awards, 2025 оны MTV VMA болон Billboard-ын “Шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг хүртэж, Grammy наадмын “Шилдэг шинэ уран бүтээлч” төрөлд нэр дэвшээд байна.