Криптовалютын зах зээлийн шинжилгээний Glassnode платформын мэдээлснээр, альткойны спот арилжааны хэмжээ Биткойныхоос бараг 4 дахин өссөн нь сүүлийн үеийн хамгийн өндөр харьцаа болжээ. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Биткойны спот ETF-үүдийн өдөр тутмын цэвэр мөнгөн урсгал таван өдөр дараалан буурсан байна.

Крипто зах зээлийн томоохон маркет мэйкер компани болох Wintermute-ийн есдүгээр сарын 28-ны тайланд дурдсанаар, жижиглэнгийн харилцагчид Биткойноос олсон ашгаа түгжиж, альткойн руу хөрөнгөө шилжүүлж эхэлжээ. Glassnode-ийн судалгаагаар хянагдсан нийт альткойнуудын 72.5 хувь нь есдүгээр сарын 23-ны байдлаар Биткойны өсөлтийг давсан байна. Энэ үзүүлэлт наймдугаар сард ердөө 39 хувьтай байсан юм.

Спот арилжаа зах зээлийг тэргүүлж байна

Альткойны хугацаагүй фьючерсийн (perpetual) нээлттэй хэлцлийн хэмжээ өнгөрсөн 30 хоногт бараг тэлээгүй бөгөөд хянагдсан зах зээлүүдийн талаас бага хувьд нь шинэ позиц нэмэгджээ. Иймээс энэхүү өсөлтийн үе шат нь хөшүүрэг гэхээсээ илүүтэй голчлон спот арилжаанд суурилсан хэмээн Glassnode тодорхойлсон байна.

Гэхдээ Glassnode-ийн тэмдэглэснээр, зах зээл дээр эрсдэл өндөртэй хөрөнгө рүү хүчтэй шилжих иймэрхүү үзэгдэл өмнө нь Биткойны тухайн үеийн орон нутгийн оргил үетэй ихэвчлэн давхацдаг байсан тул уг харьцааг түүхэн анхааруулга дохио гэж үздэг аж. Мөн Wintermute-ийн ажигласнаар, зах зээлийн хамрах хүрээ ийм хэмжээнд тэлсэн тохиолдлуудын 80 гаруй хувьд дараагийн долоо хоногуудад ханш хэвтээ чиглэлд эсвэл бууралттай байжээ.

ETF-ийн мөнгөн урсгал ба институцийн оролцоо

Farside Investors-ийн тооцооллоор, АНУ-ын спот Биткойн ETF-үүдэд таван өдрийн дотор нийт 2.4 тэрбум ам.доллар төвлөрсөн байна. Гэвч өдөр тутмын урсгал есдүгээр сарын 21-нд 999 сая ам.доллар байснаас есдүгээр сарын 25 гэхэд 134.5 сая ам.доллар болж 86.5 хувиар саарчээ. Үүний зэрэгцээ Эфириумийн ETF-үүд тус хугацаанд 602.8 сая ам.доллар татсан байна.