АНУ-ын Аляска мужид нэгэн ер бусын нөхцөл байдал үүсээд байна. Тус мужийн Бүгд найрамдах намаас АНУ-ын Сенатын гишүүнээр ажиллаж буй Дэн Салливан-тай ижил нэр, ижил намын харьяалалтай иргэн наймдугаар сард болох анхан шатны сонгуульд өрсөлдөх эрхтэй гэсэн шүүхийн шийдвэр баасан гарагт гарлаа.
Өмнө нь, зургаадугаар сарын 15-ны өдөр Сонгуулийн хэлтсийн дарга Кэрол Бичер нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж, саналын хуудас руу оруулахгүй байх шийдвэр гаргаад байсан юм. Тэгвэл Дээд шүүхийн шүүгч Томас Мэттьюс энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, ижил нэртэй иргэнийг сонгуульд оролцуулах нь зүйтэй гэж үзжээ.
Гэсэн хэдий ч энэ асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Шүүгч Мэттьюсийн гаргасан уг шийдвэрийг мужийн Дээд шүүхэд давж заалдах боломжтой юм. Мужийн хуульчид энэ асуудлаар эцсийн шийдвэр гаргах хугацааг ирэх мягмар гараг гэж тогтоожээ.