Хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий уран бүтээлч Анжелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болох анхны Африк хөгжимчин болохоор болжээ. Тэрээр нийт 2,854 дэх одыг хүлээн авах юм.

Киджо нь Өрнөд Африкийн Бенин улсад төрсөн бөгөөд 1983 онд Парисыг зорьж байв. Түүний хөгжмийн замнал нь олон улсад өргөн хүрээний шүтэн бишрэгчдийг татсан бөгөөд тэрээр баруун Африкийн хэв маягийг фанк, жазз болон R&B урсгалуудтай хослуулдгаараа алдартай. Тэрээр 1981 оноос хойш нийт 19 цомог гаргаж, таван удаа Грэммийн шагнал хүртэж байсан туршлагатай уран бүтээлч юм. Мөн 2023 онд түүнд Полар хөгжмийн шагнал олгожээ.

Түүний одыг гардуулах ёслол наймдугаар сарын 18-ны 11:30 цагт Холливудын 7011 дүгээр гудамжинд болохоор товлогдсон байна. Ёслолын ажиллагаанд Оскарт нэр дэвшиж байсан жүжигчин Уиллем Дефо болон Грэмми, Эммийн шагналд нэр дэвшиж байсан продюсер, Recording Academy-ийн гүйцэтгэх захирал Харви Мэйсон нар оролцох юм. Мөн ёслолын хөтлөгчөөр Variety сэтгүүлийн сурвалжлагч Анжелик Жексон ажиллах бөгөөд арга хэмжээг www.walkoffame.com вэбсайтаар шууд дамжуулан үзүүлэхээр төлөвлөжээ.

Холливудын алдрын гудамжийг Лос-Анжелес хотын Худалдааны танхимаас эрхлэн явуулдаг. Өмнө нь Өмнөд Африкийн жүжигчин Шарлиз Терон 2005 онд өөрийн одыг хүлээн авч байсан түүхтэй.