АНУ болон Ираны хоорондох зөрчил мөргөлдөөн шинэ шатанд гарч, талууд цэргийн байгууламжаас гадна улс орны дэд бүтцийн чухал объектуудыг онилох боллоо. Баасан гарагт АНУ-ын зүгээс Иран дахь гүүрнүүдийг агаараас цохилтод оруулсан бол үүний хариуд Тегеран Кувейт улсад байрлах цахилгаан станц болон далайн ус цэнгэгжүүлэх байгууламжийг онилон цохилт өгчээ.

Энэхүү үйл явдал нь талууд халдлагын хүрээгээ тэлж, дэд бүтцийг онилж эхэлснээр мөргөлдөөн улам хурцдах вий гэсэн болгоомжлолыг олон улсад төрүүлж байна. Мөргөлдөөний улмаас Персийн булангаас эрчим хүчний түүхий эд нийлүүлэх үйл ажиллагаа тасалдаад байгаа юм.

Далай тэнгисийн бүс нутагт ч мөн адил эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Тухайлбал, Ормузын хоолойн ойролцоо АНУ-ын тэнгисийн явган цэргүүд газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцонд нэвтрэн орсон байна. Үүний сацуу Йемений ойролцоо зэвсэглэсэн этгээдүүд өөр нэгэн хөлөг онгоцыг булаан авчээ. Эдгээр үйл явдлууд нь газрын тосны тээвэрлэлтийн чухал гарц болох Ойрхи Дорнодын бүс нутагт аюулгүй байдлын ноцтой асуудал үүсгэж, олон улсын анхаарлыг татаж байна.