АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Ирантай үүссэн хурцадмал байдлын улмаас өмнө нь ажилтнуудыг нь нүүлгэн шилжүүлж, орон тоог нь цөөлөөд байсан Ойрх Дорнод дахь зарим дипломат төлөөлөгчийн газрууд руу ажилтнуудаа буцаан томилж эхэлжээ. Энэ талаар уг асуудлыг сайн мэдэх хоёр эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлсэн байна.

Эх сурвалжуудын дурдсанаар Ливан, Израиль, Саудын Араб болон Иракийн Багдад дахь төлөөлөгчийн газрууд нь ажилтнууд эргэн очиж буй цэгүүдийн тоонд багтаж байгаа аж. Түүнчлэн Саудын Арабын Эр-Рияд хот дахь АНУ-ын төлөөлөгчийн газрын ажилтнуудын гэр бүлийн гишүүд ч буцаж очих боломжтой болсныг тэд нэмж онцолжээ.

Энэхүү шийдвэр нь Вашингтоны зүгээс бүс нутагт мөргөлдөөн үүсэх эрсдэлийг өмнөхөөсөө багассан гэж үзэж байгааг харуулж байж болзошгүй хэмээн тайлбарлаж байна.