АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Вашингтон хотын Даллес нисэх онгоцны буудлыг бүрэн шинэчлэх 22 тэрбум ам.долларын өртөг бүхий томоохон төлөвлөгөөг танилцууллаа. Энэхүү төсөл нь АНУ-ын нийслэл болон түүний орчимд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй цуврал томоохон ажлуудын нэг юм.

Төлөвлөгөөний хүрээнд нисэх онгоцны буудлын зорчигчдын танхимуудыг шинээр сольж, автомашины томоохон зогсоол нэмж барихаар тусгажээ. Гэхдээ нисэх онгоцны буудлын гол барилга буюу түүхэн дурсгалт терминалыг хэвээр нь хадгалан үлдэх юм.

Ерөнхийлөгч Трамп энэхүү төслийн талаар ярихдаа: "Энэ нисэх онгоцны буудлыг дэлхийн хамгийн муу нисэх буудлуудын нэг гэж үздэг. Бид шаргуу ажилласны үр дүнд үүнийг дэлхийн хамгийн шилдэг нисэх буудал болгох болно" хэмээн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр одоо энэхүү томоохон өөрчлөлтийг хийх цаг нь болсон гэдгийг онцолсон байна.