Олон жилийн турш АНУ Энэтхэгийг Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Хятадын нөлөөг тэнцвэржүүлэх гол түнш, ардчилсан тулгуур багана хэмээн тодорхойлж ирсэн. Гэвч саяхан болсон эмгэнэлт явдал энэхүү стратегийн харилцааг сорилтын өмнө аваад ирлээ. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний явуулсан цэргийн ажиллагааны улмаас Энэтхэгийн гурван далайчин амиа алдсан нь хоёр талын дипломат харилцаанд хүйтэн уур амьсгал оруулаад байна.
Хамгийн их шүүмжлэл дагуулж буй зүйл нь АНУ-ын дээд түвшний дипломатууд энэ хэрэгт албан ёсны уучлалт гуйхаас татгалзсан явдал юм. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С. Жайшанкар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярих үеэрээ энэ асуудлыг хөндөж, Энэтхэг улсын зүгээс “хүчтэй эсэргүүцэл” илэрхийлж байгаагаа мэдэгдсэн байна. С. Жайшанкар үүний дараа олон нийтийн сүлжээгээр дамжуулан байр сууриа илэрхийлж, амиа алдсан иргэдийнхээ төлөө хатуу зогсох болно гэдгээ батлав.
Ажиглагчдын үзэж байгаагаар, АНУ-ын зүгээс уучлалт гуйхгүй байгаа нь Энэтхэгийн олон нийтийн дунд Вашингтоны эсрэг сөрөг хандлагыг нэмэгдүүлж болзошгүй байна. Энэтхэг улс нь АНУ-ын хувьд Хятадыг тогтоон барих бодлогынх нь салшгүй хэсэг боловч, ийм төрлийн эмгэнэлт явдал нь хоёр улсын хоорондох итгэлцлийг ганхуулж, цаашдын хамтын ажиллагаанд саад учруулах эрсдэлтэй байгаа юм.
Одоогоор АНУ-ын тал энэ хэргийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байгаа нь Энэтхэгийн дипломат хүрээнийхний бухимдлыг улам бүр төрүүлж байна. Олон улсын харилцааны шинжээчид энэ үйл явдлыг хоёр улсын стратегийн түншлэлийн хамгийн хүнд сорилтуудын нэг гэж нэрлэж байна.