АНУ-ын Африкийн командлал (AFRICOM)-ын мэдээлснээр АНУ-ын армийн хоёр цэрэг Марокко улсын баруун өмнөд хэсэгт болсон “Африкийн арслан” нэртэй олон улсын цэргийн сургуулилтад оролцсоны дараа ням гарагт сураггүй болжээ.
АНУ-ын батлан хамгаалахын албаны төлөөлөгчийн мэдээлснээр алга болсон цэргүүд нь явган аялал хийж байх үедээ сураггүй болсон байна. Тэрээр энэ асуудлаар олон нийтэд мэдээлэл өгөх эрхгүй тул нэрээ нууцалсан юм.
“Тэд ямар нэгэн сургуулилтад идэвхтэй оролцоогүй. Өдрийн сургуулилтын ажил дууссан байсан” гэж албаны хүн хэлжээ. Одоогоор алга болсон цэргүүдийг эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд АНУ-ын талаас Мароккийн эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа аж.
Энэхүү “Африкийн арслан” цэргийн сургуулилт нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд АНУ болон Африкийн орнуудын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.