АНУ-ын Лас-Вегас хотод болсон 2026 оны “Latin Grammy” хөгжмийн наадмаас Колумбын Барранкилья хотоос гаралтай залуу дуучин Ариа Вега “Шилдэг шинэ уран бүтээлч” (Best New Artist) хэмээх нэр хүндтэй шагналыг гардлаа. Тэрбээр уг төрөлд Макарио Мартинес, Делила, Фабиан зэрэг шинэ залуу уран бүтээлчидтэй өрсөлдөн ялалт байгуулжээ.
Шагнал гардан авах үеэрээ дуучин бүсгүй сэтгэл догдлон нулимс дуслуулж, гэр бүл, ээж, найз нөхөд болон ажлын хамт олондоо талархал илэрхийлсэн юм. Тэрбээр оюутан ахуй цагтаа багшийнхаа даалгавраар өөрийгөө илэрхийлэх коллаж хийж байхдаа “big dreams and good taste” (том мөрөөдөл ба сайн таашаал) гэсэн үгийг багтааж байснаа дурсаад, өнөөдөр энэхүү тайзан дээр шагнал хүртэж буй нь тэрхүү дээд зэрэглэлийн мөрөөдлүүдийнх нь нэг болохыг онцлов.
Түүнчлэн тэрбээр Колумбын Карибын эрэг авьяаслаг уран бүтээлчдээр баялаг ч албан ёсны хөгжмийн салбар дутагдалтай байдгийг дурдаад, өөрийн амжилт нь мөрөөдөлд газар зүйн хил хязгаар, айдас байдаггүйг баталж буйг цохон тэмдэглэжээ.
Өнгөрсөн долдугаар сарын “Billboard Latin Up and Comer”-оор тодорч байсан Ариа Вега хэвлэлийн төвийн тайзны ард төрөлх хотоо дурсан ярихдаа, өдгөө анхны бие даасан студийн цомог дээрээ нэг гаруй жилийн турш ажиллаж байгаагаа хуваалцсан байна. Түүний хэлснээр уг цомгийн өнгө аяс, илэрхийлэмжийн чиглэл нь “Costeñita Core” байх бөгөөд олон дуунаас шигшиж 15 дуутайгаар гаргахаар төлөвлөжээ.