Америкийн алдарт дуучин Ариана Грандегийн шинэхэн "Petal" цомог Австралийн ARIA цомгийн чартыг тэргүүлж, амжилттай нээлтээ хийлээ. Энэ нь түүний тус улсын үндэсний чартыг тэргүүлж буй зургаа дахь тохиолдол болж байна.
Тэрээр өмнө нь "My Everything", "Dangerous Woman", "Sweetener", "Thank U, Next" болон "Eternal Sunshine" цомгуудаараа уг чартын оргилд гарч байсан юм. Түүнчлэн өнгөрсөн жил Синтия Эривотой хамтран гаргасан "Wicked: For Good" киноны дууны цомог нь мөн чартын тэргүүнд бичигдэж байжээ. "Petal" цомог нь винил пянзны борлуулалтаараа тэргүүлэгч болсон төдийгүй тус цомгийн 12 дуу Австралийн шилдэг 50 дууны жагсаалтад багтсан байна.
Энэ долоо хоногийн чартын эхний гурван байрыг эмэгтэй уран бүтээлчид эзэллээ. Ариана Грандегийн араас Оливия Родригогийн "you seem pretty sad for a girl so in love" цомог гуравдугаар байрнаас хоёрдугаар байр руу ахисан бол Оливия Диний "The Art of Loving" цомог тавдугаар байрнаас гуравдугаар байр луу дэвшжээ.
Мөн шинээр гарсан цомгуудаас Австралийн Перт хотын "Dice" хамтлагийн "I Thought The Altitude Would Make it Worth The View" цомог 13-р байрт орж, тус хамтлагийн түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг үзүүллээ. Түүнчлэн PNAU хамтлагийн "AHHCade" цомог 33-т, дуучин Эрин ЛеКантын "Pareidolia" EP 29-т, "Buffalo Traffic Jam" хамтлагийн "Pictures of You" 31-т, "Five Finger Death Punch" хамтлагийн "Legacy" цомог 46-р байрт тус тус жагсав.
Харин дууны чартын тухайд Элла Лэнглигийн "Choosin’ Texas" дуу ес дэх долоо хоногтоо тэргүүлж байна. Ариана Грандегийн "hate that i made you love me" дуу зургаадугаар байрнаас хоёрдугаар байр луу ахисан бол Оливия Диний "Man I Need" дуу хоёрдугаар байрнаас гуравдугаар байр луу ухарчээ.