Дэлхийн поп хөгжмийн од Ариана Грандегийн шинэхэн 'Petal' цомог наймдугаар сарын 7-нд нийтлэгдсэн Их Британийн хөгжмийн чартын нэгдүгээрт бичигдлээ. Ингэснээр тэрээр 2016 оноос хойш гаргасан зургаан цомог нь дараалан тус улсын чартыг тэргүүлсэн амжилтыг тогтоогоод байна.
Түүний энэхүү амжилт 2016 оны 'Dangerous Woman' цомгоос эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн 'Sweetener', 'Thank U, Next', 'Positions' болон 'Eternal Sunshine' цомгууд нь чартыг тэргүүлж байв. Грандегийн анхны хоёр цомог болох 'Yours Truly' болон 'My Everything' нь тус бүр долоо болон гуравдугаар байрт орж байсан түүхтэй.
Одоогоор Ариана Гранде 'Eternal Sunshine' аялан тоглолтынхоо сүүлийн шатыг үргэлжлүүлж байгаа бөгөөд ирэх бямба гарагаас эхлэн Лондоны 'The O2' цэнгэлдэх хүрээлэнд 10 өдрийн турш тоглолт хийхээр төлөвлөжээ. Зургаадугаар сард Сан-Франциско хотоос эхэлсэн энэхүү аялан тоглолтынхоо дараа тэрээр олон нийтийн анхаарлын төвөөс түр холдож, уран бүтээлийн завсарлага авах төлөвтэй байгаагаа мэдэгдсэн байна. Түүний төлөөлөгчийн мэдээлснээр, Ариана Гранде аялан тоглолтоо эрүүл саруул, сэтгэл хангалуун өндөрлөхийг зорьж байгаа бөгөөд үүний дараа удаан хугацааны турш үргэлжилсэн олон нийтийн шүүмжлэл, анхаарлаас түр чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа аж.
Тэрээр өмнө нь 'Wicked' киноны хамтрагч Жонатан Бэйлигийн хамт 'Sunday in the Park With George' бүтээлд тоглохоор төлөвлөж байсан ч ийнхүү завсарлага авахаар болжээ.
Энэ долоо хоногийн чартын бусад байрыг сонирхуулахад, Майкл Жексоны 'The Essential' цуглуулга хоёрдугаар байрт, Оливиа Родригогийн цомог гуравдугаар байрт тус тус тогтвортой хадгалагдаж байна. Мөн Оливиа Дийн болон Сиенна Спиро нарын цомгууд чартын эхний тавд багтжээ.