Дэлхийн алдартай поп од, дуучин, жүжигчин Ариана Гранде өөрийн "Eternal Sunshine" аялан тоглолтын хүрээнд Нью-Йорк хотын Barclays Center-т тоглох үеэрээ шинэ уран бүтээлийнхээ дүрс бичлэгийн хэсгийг үзэгчдэд сонирхуулжээ. Тэрээр 25 секундын үргэлжлэх хар цагаан өнгөтэй энэхүү клипийг удахгүй гарах "Petals" цомгийнхоо ижил нэртэй дуунд зориулан бүтээсэн байна.

Клипний хэсэгт Холливудын алдрын гудамжинд зогсох жүжигчин бүсгүй "Fame Inc." нэртэй хуучны хэв маягийн зарын хуудас барьж байгаагаар эхлэх бөгөөд уг зард кино болон телевизийн салбарт шинэ дүрүүд хайж байгаа тухай бичжээ. Үргэлжлүүлэн Ариана Грандегийн дүрс бүхий хэсгүүд болон түүний нэрийн хуудас болсон үсний засалт харагдах бөгөөд клипийг бүхэлд нь "VistaVision" форматаар дүрсжүүлсэн гэдгээ төгсгөлд нь онцолсон байна.

Дуучин бүсгүй уг бичлэгийг өөрийн Instagram хуудсаараа дамжуулан хуваалцахдаа найруулагч Кристиан Бреслауэр, бүжиг дэглээч Уилл Лофтис болон дуу зохиогч Илья Салманзаде нарыг тэмдэглэн оруулжээ. "Petals" нь түүний өмнө нь Billboard Hot 100 жагсаалтыг тэргүүлж байсан "Hate That I Made You Love Me" дууны дараах хоёр дахь сингл болох юм.

Ариана Гранде одоогоор 41 өртөөг хамарсан аялан тоглолтынхоо тал хувийг дуусгаад байгаа бөгөөд уг тоглолт нь 100 сая долларын орлого олох төлөвтэй байна. Түүний шинэ цомог долдугаар сарын 31-нд албан ёсоор худалдаанд гарна.