Амралтын өдрүүдэд найзуудтайгаа уулзах эсвэл баяр ёслолын үеэр ганц хундага архи, шар айраг уухад таны хоолны дуршил өөрчлөгддөг болохыг та анзаарч байсан уу? Энэ бол зүгээр нэг тохиолдол биш бөгөөд үүний цаана биологийн тодорхой шалтгаан байгааг эрдэмтэд тогтоолоо.
Healthline сайтад нийтлэгдсэн шинэ судалгаагаар согтууруулах ундаа хэрэглэсэн өдөр хүмүүс энгийн өдрүүдээс илүүтэйгээр хэт боловсруулсан, давслаг, амтлагч ихтэй хоол хүнс хэрэглэх хандлагатай байдаг нь батлагджээ. Судлаачдын үзэж байгаагаар архи нь хүний бие дэх FGF21 хэмээх гормоны идэвхжилийг нэмэгдүүлдэг байна. Энэхүү гормон нь бие махбодод уураг болон давслаг амттай хүнс хэрэгцээтэй байгаа мэт хуурамч дохиог өгдөг аж.
Асуудлын гол нь бидний тархи уураг агуулсан эрүүл хоол хүнс болон зүгээр л амт оруулагч ихтэй, хэт боловсруулсан “хог” хоол хоёрыг ялгахад бэрхшээлтэй болдог. Архины нөлөөгөөр FGF21 гормоны түвшин өсөхөд бидний бие махбод уураг нэхэх боловч, бидний эргэн тойронд бэлэн байдаг хэт боловсруулсан бүтээгдэхүүнүүд (жишээлбэл, чипс, түргэн хоол, хачиртай талх) нь амтны хувьд давслаг, тааламжтай байдаг тул тархи маань үүнийг уургаар андуурч сонгодог байна.
Энэ нь зөвхөн илчлэгийн асуудал биш юм. Хэт боловсруулсан хүнс нь ихэвчлэн сахар, өөх тос, давсны агууламж өндөртэй байдаг тул эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Архи уух үед хяналтаа алдаж, ийм төрлийн хүнсийг хэтрүүлэн хэрэглэх нь бие махбодын бодисын солилцоог удаашруулж, дараа өдөр нь биеийн байдал тавгүйрхэх гол шалтгаан болдог.
Хэрэв та согтууруулах ундаа хэрэглэхээр төлөвлөж байгаа бол энэ нь таныг хэрэгцээгүй илчлэг ихтэй хоол руу хөтөлнө гэдгийг урьдчилан мэдэж, эрүүл сонголт хийхийг хичээгээрэй. Хамгийн гол нь согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарлах нь таныг хүсээгүй хоолны дуршлаас хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм.