Америк-Мексик гаралтай нэрт дуучин Бекки Жи (Becky G) өөрийн тав дахь студийн цомог болох „Baraja Bendita“-аа RCA Records-оор дамжуулан баасан гарагт (8-р сарын 14) гаргалаа. Уг цомог нь түүний уран бүтээлч дүр төрх болох Бекки Жи болон түүний жинхэнэ дүр Реббека нарыг холбосон бөгөөд хоёрдмол байдал, өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрөх эрх чөлөөг илэрхийлсэн байна.

Шинэ цомог нь нийт 17 дуунаас бүрдэж байгаа бөгөөд үүнд өмнө нь цацагдаад байсан „EPA“, „Marathon“, „Patrona“ зэрэг бүтээлүүд багтжээ. Дуучин бүсгүй шинэ цомгийнхоо талаар хэлэхдээ, өөрийнхөө өөр өөр хэсгүүдээс сонголт хийхээ больж, өөртөө итгэх итгэлийн тухай өгүүлсэн гэдгийг онцолсон байна. Тэрээр „Маш урт хугацааны турш хүмүүс намайг ганцхан зүйлээр тодорхойлохыг хүсдэг байсан: нэг хэл, нэг урсгал, миний зөвхөн нэг хувилбар. Энэ цомог бол шинэ хүн болох тухай биш, харин миний үргэлж байсаар ирсэн тэрхүү бүх талыг бүрэн эзэмшиж, хүлээн зөвшөөрөх тухай юм“ хэмээн хуваалцжээ.

Өмнөх мексик хөгжмийн хэв маягтай „Esquinas“ (2023) болон „Encuentros“ (2024) цомгуудаас ялгаатай нь энэхүү цомогтоо тэрээр өөрийн 200 хувийн шинж чанараа (100 хувь америк, 100 хувь мексик) өөртөө итгэлтэйгээр харуулсан байна. Тэрээр „Chula“ дуундаа кизомба болон R&B урсгалыг хослуулсан бол „Te va a doler“ дуунд бачата, „Mal Tiempo“ дуунд меренге, харин „Bandera Blanca“ дуундаа регги хэмнэлийг шингээжээ. Мөн өөрийн нэрийн хуудас болсон реггетон урсгал болон клубийн хөгжмийн хэмнэлүүдийг ч багтаасан байна.

Цомгийн бүх дууг Бекки өөрөө бичсэн бөгөөд ямар нэгэн уран бүтээлчийн хамтрал ороогүй аж. Орчуулбал „Адислагдсан хөзөр“ гэсэн утгатай „Baraja Bendita“ цомог нь түүний тав дахь цомог болж байна. Түүний хамгийн сүүлд гаргасан цомог нь Billboard-ын бүс нутгийн Мексик цомгийн жагсаалтын шилдэг 10-т багтаж байжээ.