Blackstone-оор дэмжигдсэн хөгжмийн каталогийн хөрөнгө оруулалтын компани болох Recognition Music Group-ийг удирдаж байсан Бен Катовски урьдчилгаа санхүүжилтийн “Pipeline” платформын гүйцэтгэх захирлаар (CEO) томилогдлоо.

Хөгжмийн салбарын туршлагатай хөрөнгө оруулагч, Francisco Partners-ийн удирдах ажилтан асан Мэтт Спецлерийн үүсгэн байгуулж, даргалж буй Pipeline платформ нь хараат бус (инди) хөгжмийн компаниудад уран бүтээлчдийн санхүүжилтэд зориулж 200 сая ам.долларын зээлийн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Тус санхүүжилт нь лейблийн дижитал роялтийн орлогыг барьцаа болгон ашигладаг онцлогтой.

Сүүлийн жилүүдэд уран бүтээлчид бүтээлийнхээ өмчлөх эрх болон ихэнх орлогыг өөртөө үлдээх боломжтой богино хугацааны түгээлтийн гэрээг ихээр хийх болжээ. Үүнээс үүдэн өсөж буй залуу уран бүтээлчдийг авч үлдэхэд шаардагдах бэлэн мөнгөний хомсдол инди компаниудад тулгардаг байнгын асуудал болж байна.

Шинэ баг, цаашдын төлөвлөгөө

Pipeline энэ оны эхээр Merlin-тэй түншлэл байгуулж, хөгжмийн үнэлгээний технологийн “Clarty Partners” компанийг худалдан авсан юм. Харин Бен Катовски Recognition Music-ийн 45,000 дуу бүхий багцыг (үүнд Нил Янг, Шакира, Journey, Red Hot Chili Peppers зэрэг хамтлаг, дуучдын бүтээлүүд багтсан) худалдсаны дараа Спецлертэй хүчээ нэгтгэж байна.

Катовски Recognition-ийг удирдаж байхдаа каталогоо өнгөрсөн долоодугаар сард Sony Music Publishing-д худалдахаас өмнө 372 сая ам.долларын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах ажлыг амжилттай хийсэн юм. Үүнээс өмнө тэрбээр BMG компанид долоон жил ажиллаж, үйл ажиллагаа эрхэлсэн захирал (COO) болж дэвшиж байжээ. Өмнөд Африкаас гаралтай тэрбээр Counterpoint Systems-ээс ажлын гараагаа эхэлж, оюуны өмчийн удирдлагын технологийн шийдлүүдийг хөгжүүлж байсан туршлагатай.

Мэтт Спецлер хэлэхдээ: “Бид хөгжмийн оюуны өмчид асар их үнэ цэн бий гэж харсан тул Pipeline-ийг эхлүүлсэн. Гэвч энэхүү өмчийг эзэмшдэг хэт олон компаниуд зорилгодоо хүрэх санхүүгийн дэмжлэггүй байсаар ирсэн. Бен бол дэлхийн хэмжээний эрхийн бизнесийг босгож, удирдаж чадсан цөөн хүмүүсийн нэг” хэмээн онцоллоо.