Америкийн алдартай дуучин, хөгжимчин Бен Фолдс Конгрессын сонсголын үеэр Кеннедийн төвд (Kennedy Center) Дональд Трампын хийсэн өөрчлөлтүүдийг хурцаар шүүмжиллээ. Тэрээр урлагийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглах нь "суртал ухуулга" болохыг онцлон тэмдэглэв.

Бен Фолдс тус төвийн Үндэсний симфони найрал хөгжмийн уран сайхны зөвлөхөөр ажиллаж байсан юм. Түүний хэлснээр, 2025 оны хоёрдугаар сард Дональд Трамп тус төвийн удирдах зөвлөлийн гишүүдийг халж, өөрийгөө даргаар томилсноос хойш Кеннедийн төв "хэт улс төржсөн орчин" болон хувирчээ. Фолдс өмнө нь тус байгууллага улс төрийн нөлөөнөөс ангид, зөвхөн урлаг боловсролыг түгээх зорилготой байсныг дурдав.

Тэрээр уран бүтээлчид Кеннедийн төвд тоглох урилгыг хүлээн авах эсвэл татгалзах нь одоо улс төрийн байр суурь илэрхийлсэн хэрэг болохуйц эрсдэлтэй болсныг шүүмжилсэн юм. Мөн тэрээр өөрийн урьсан уран бүтээлчдийг ерөнхийлөгчийн эсрэг байр суурь илэрхийлбэл хариу арга хэмжээ авах вий гэсэн айдастай байсан тул арга буюу ажлаасаа огцорсон гэдгээ илэрхийлэв.

Сонсголын үеэр мөн дуучин Ясмин Левигийн тоглолтын үеэр гарсан дуулианыг онцолсон байна. Түүнийг тус төвийн удирдлагын бодлогыг шүүмжилснийх нь төлөө хөлсөлсөн хүмүүсээр эсэргүүцүүлэн орилуулсан гэх асуудал хөндөгджээ. Бен Фолдс энэхүү үйл явц нь Кеннедийн төвийн нэр хүндийг унагаж, үндсэн эрхэм зорилгыг нь алдагдуулсан гэж дүгнэсэн байна.