Алдарт уран бүтээлч Бетт Мидлер АНУ-ын Оклахома мужийн Талса хот дахь “Cain’s Ballroom”-д зохион байгуулагдсан ёслолын үеэр 2026 оны “Woody Guthrie Prize” шагналыг хүлээн авлаа. Тэрбээр уг шагналыг гардах үеэрээ алдарт дуучин Вуди Гатригийн 1940-өөд оны эсэргүүцлийн сонгодог бүтээл болох “All You Fascists (Bound to Lose)” дууг шинэчилсэн хувилбараар нь дуулж сонирхуулсан байна.

Шагнал гардан авах үеэрээ Мидлер тус дууны нэр бүхий подволк өмссөн байсан бөгөөд “Шударга ёс үргэлж шүүхийн танхимаас ирдэггүй. Заримдаа хууль хоцордог, буруу талд зогсдог. Харин шударга ёс хуучин гитараас гарч ирдэг” хэмээн онцолжээ. Тэрбээр өнөө цагт болж буй үйл явдлуудын талаар дуугарахын тулд тус дууны үгийг өөрчлөн бичсэнээ тайлбарлаж, үүнийгээ эсэргүүцлийн хөдөлгөөнд оруулсан өөрийн бяцхан хувь нэмэр хэмээн тодорхойлсон байна.

Мидлер уг дууны шинэ хувилбарыг Эрик Корнфелдтэй хамтран бичиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард YouTube платформд байршуулж байжээ. Клипийг Тони Базил, Шонн Фармер нар найруулж, Мидлер өөрөө гүйцэтгэх продюсероор ажилласан бөгөөд жүжигчин Барбара Херши, Дэвид Хайд Пирс нар тус клипэнд тоглосон байна.

Вуди Гатригийн ач охин Анна Канони Мидлерийг уг дуугаараа ардчилал, хүн чанарын төлөөх тэмцлийг дахин сэргээж, дуу хоолойгоо өргөсөнд талархаж буйгаа илэрхийлжээ. Мөн “Woody Guthrie Center”-ийн ахлах захирал Кэди Шоу энэхүү шагнал нь өөрийн уран бүтээлээсээ хальж, нийгэмдээ утга учиртай өөрчлөлт авчрах зориг гаргасан уран бүтээлчдийг алдаршуулдаг болохыг тодотгосон байна.