Бодит хөрөнгийг токенжуулах (RWA) үйл явц уламжлалт бонд, зээлийн хүрээнээс хальж кино үйлдвэрлэлийн салбар луу чиглэж эхэллээ. Polymath болон Чикагод төвтэй CineCity Studios компаниуд бие даасан кино төслүүдийг хөрөнгө оруулагчидтай зохицуулалттай дижитал үнэт цаасаар холбох платформ бүтээх боломжийг судалж буйгаа 10 дугаар сарын 1-нд зарлав.
Бие даасан кинонууд ихэвчлэн хувийн цөөн тооны дэмжигчид, хуулийн нарийн төвөгтэй бүтэц дээр тогтдог тул өргөн хүрээний хүмүүс хөрөнгө оруулахад бэрхшээлтэй байдаг. Санал болгож буй загвараар Polymath нь дижитал үнэт цаас гаргах техникийн дэд бүтэц, хөрөнгө оруулагчдын бүртгэл болон хууль журмын нийцлийг хариуцах бол CineCity үйлдвэрлэлийн талын туршлага, боломжоороо хангах аж.
Блокчэйн ба зохицуулалт
Энэхүү шийдэл нь киноны хөрөнгө оруулалтыг шууд эрсдэлгүй эсвэл өндөр хөрвөх чадвартай болгочихгүй. Гэхдээ өмчлөлийн удирдлага, хэн худалдан авч болох болон ашиг хуваарилалтыг зохион байгуулах зэрэг захиргааны ажлыг хөнгөвчлөх боломжтой юм. АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны (SEC) крипто санхүүжилт болон дижитал активын ангиллыг тодорхой болгох чиглэлийн хүрээнд энэ төрлийн дэд бүтэц эрчимжиж байна.
Киноны орлого нь кассын орлого, стриминг эрх, түгээлтийн гэрээ зэрэг маш олон хүчин зүйлээс хамаардаг учир токенжуулахад амаргүй салбарт тооцогддог. Одоогоор хоёр компани уг платформыг албан ёсоор зах зээлд гаргаагүй бөгөөд зөвхөн загварыг судлах түвшинд ажиллаж байгааг онцолжээ.