Торонто болон Насдак биржид бүртгэлтэй, Биткойн олборлогч Hut 8 компани хиймэл оюун ухааны (AI) дата төвийн 15 жилийн хугацаатай, 9.8 тэрбум долларын үнэ бүхий хоёр дахь түрээсийн гэрээнд гарын үсэг зурснаа мэдэгдлээ. Энэхүү мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш даваа гарагт 10 хувиас давсан өсөлт үзүүлсэн байна.
Гэрээний хүрээнд Техас дахь Beacon Point кампус нь 352 мегаваттын мэдээллийн технологийн хүчин чадлыг бүрдүүлэх бөгөөд түрээслэгч тал уг хүчин чадлыг 704 мегаватт болгон хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой юм. Hut 8 компанийн зүгээс уг кампусын суурь гэрээний үнэ цэнийг 15 жилийн хугацаанд 19.6 тэрбум доллар гэж тооцоолж байгаа бөгөөд сунгах сонголтуудыг ашиглавал энэ дүн 50.2 тэрбум доллар хүртэл өсөх боломжтой ажээ.
Хиймэл оюун ухаан руу чиглэсэн өөрчлөлт
Hut 8-ын гүйцэтгэх захирал Ашер Геноот уг гэрээг компанийн эрчим хүчинд суурилсан хандлагын томоохон баталгаа гэж онцолсон байна. Тус компани өнгөрсөн онд АНУ-ын Ерөнхийлөгчийн хөвгүүд болох Эрик болон Дональд Жр. нарын дэмжлэгтэй American Data Centers Inc. компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж байсан түүхтэй.
Сүүлийн үед Биткойны ханшийн хэлбэлзэл болон олборлолтын хүндрэлээс шалтгаалан Hut 8 тэргүүтэй олон компаниуд нөөц бололцоогоо өндөр хүчин чадалтай тооцоолол (HPC) болон хиймэл оюун ухааны дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглүүлж байна. Тухайлбал, Bitfarms компани олборлолтын үйл ажиллагаагаа багасгаж, хиймэл оюун ухааны чиглэлд анхаарлаа хандуулахаа зарласан бол Terawulf, IREN, Cipher Mining зэрэг компаниуд Google болон Microsoft-той олон жилийн гэрээ байгуулан ажиллаж байна.
Хэдийгээр Биткойн олборлолт болон хиймэл оюун ухааны дата төвүүд хоёулаа асар их эрчим хүч шаарддаг ч хиймэл оюун ухааны салбар нь илүү өндөр мэргэжлийн ур чадвар шаарддаг онцлогтой юм. Hut 8 компани өнгөрсөн арванхоёрдугаар сард Google-ийн дэмжлэгтэй Anthropic болон Fluidstack компаниудтай хамтран АНУ-д 2.3 гигаватт хүртэлх хүчин чадалтай хиймэл оюун ухааны дата төв байгуулах түншлэлийг эхлүүлээд байна.