Биткойн болон Ethereum өнгөрсөн амралтын өдрүүдэд ханшийн уналтаасаа сэргэж эхэлсэн боловч ончэйн (on-chain) үзүүлэлтүүд болон дериватив арилжааны байрлалууд энэхүү сэргэлтэд томоохон саад тотгор тулгарч болзошгүйг сануулж байна.
CryptoSlate-ийн мэдээллээс үзвэл, Биткойны ханш өнгөрсөн долоо хоногийн уналтын үеэр 80,000 ам.доллар руу дөхсөний дараа 84,000 ам.доллароос дээш түр хугацаанд гарч чаджээ. Түүнчлэн Ethereum ч мөн зах зээлд худалдан авалт эргэн ирснээр 2,500 ам.доллароос давж өссөн байна.
85,000 ам.долларын түвшний эсэргүүцэл
CryptoQuant-ийн шинжээч Ж.А.Маартунн 10-р сарын 11-нд тэмдэглэхдээ, тухайн үеийн ханшийн түвшнээс яг дээр нь хөрвөх чадварын бөөгнөрөл үүссэн нь трейдерүүдэд үнийг өсгөх боломж олгосон гэжээ. Худалдан авах болон зарах захиалгын харьцааг хэмждэг Bid/Ask үзүүлэлт 0.3 болж өссөн нь худалдан авах сонирхол нэмэгдсэнийг илтгэсэн ч эдгээр захиалга цуцлагдвал хөрвөх чадвар буцаад үгүй болох эрсдэлтэй аж.
Нөгөө талд, шинжээч Darkfost-ын онцолсон Checkonchain-ий өгөгдлөөр нийт хөрөнгө оруулалтын ойролцоогоор 53 хувь нь 83,000 ам.доллароос дээш үнээр худалдан авалт хийсэн тооцоолол гарчээ. Ялангуяа хамгийн том хэмжээний худалдан авалтын зардал 84,000-аас 85,000 ам.долларын хооронд төвлөрч байгаа юм. Хэрэв эдгээр түвшинд Биткойн авсан хөрөнгө оруулагчид зардлаа нөхөх зорилгоор зарж эхэлбэл зах зээлд борлуулалтын дарамт хүчтэй болж болзошгүй байна. Хэрэв энэ бүсийг давж чадахгүй бол ханш 77,000-аас 79,000 ам.долларын дэмжлэгийн бүс рүү унах эрсдэлтэй гэж Darkfost үзэж байна.
Ethereum-ийн эрсдэл
Ethereum-ийн хувьд томоохон оролцогчдын дериватив байрлал суларсаар байгаа нь сэргэлтэд бас нэгэн сорилт болж байна. Alphractal-ийн гүйцэтгэх захирал Жоао Ведсон 10-р сарын 10-нд Ethereum-ийн 30 болон 180 хоногийн нээлттэй хэлцлийн өөрчлөлт (open-interest delta) хоёулаа сөрөг үзүүлэлттэй гарсныг онцолжээ. Энэ нь томоохон арилжаачид өсөлтөд найдах байрлалаа багасгаж, хамгаалалтын эсвэл богино (short) байрлалыг илүүд үзэж байж болзошгүйг харуулж байна. Гэсэн хэдий ч фьючерсийн нийт нээлттэй хэлцлийн хэмжээ ойролцоогоор 10.58 сая ETH хэвээр байгаа нь зах зээлд их хэмжээний дериватив байрлал хадгалагдсаар байгааг илтгэж байна.