Поп хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөгч, дуучин Бритни Спирс сүүлийн үед дуучин Бейонсегийн уран бүтээлүүдийг шимтэн сонсох болсноо илэрхийлэв. Тэрээр өөрийн Instagram хуудсаараа дамжуулан Бейонсегийн дуунуудад бүжиглэж буй бичлэгүүдээ хуваалцсан байна.
Спирс 2024 онд гарсан “Cowboy Carter” цомгийг байнга сонсдог гэдгээ дурдаад, мөн Бейонсегийн өмнөх үеийн бүтээлүүд рүү байнга эргэн очдог нь өөрт нь ч хачирхалтай санагдаж байгаагаа хуваалцжээ. Тэрээр бүжиглэх үедээ Бейонсегийн “Haunted” зэрэг хуучин дуунууд болон Рианнагийн уран бүтээлүүдийг ашигласан байна.
Дуучин бүсгүйн хувьд энэ оны гуравдугаар сард болсон DUI буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх хэрэгт холбогдсон явдал нь олон нийтийн анхааралд байсан юм. Уг хэрэг нь сүүлд “wet reckless” гэх хөнгөн зүйл анги болон өөрчлөгдсөн бөгөөд үүний дараа тэрээр эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлжээ. Түүний төлөөлөгч энэ нь Бритнигийн амьдралд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх эхний алхам болно гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна.
Түүнчлэн Бритни Спирсийн амьдрал, уран бүтээлийн замналыг харуулсан намтарчилсан кино бүтээх ажил үргэлжилж байна. “The Hollywood Reporter”-ийн мэдээлснээр, түүний бестселлер болсон “The Woman In Me” дурсамж номыг дэлгэцийн бүтээл болгохоор “New Girl” цувралын зохиолч Лиз Меривезер ажиллаж байгаа аж. Уг номд түүний поп од болсон замнал, хувийн амьдралын сорилтууд болон олон жилийн турш үргэлжилсэн асран хамгаалагчийн эрхээсээ салахын төлөөх тэмцлийн талаар дэлгэрэнгүй өгүүлдэг билээ.