NFL-ийн Канзас-Сити Чифс багийн од квотербек Патрик Махомын гэр бүл арын хашааныхаа онцгой зочдод баяртай гэж хэлэх цаг болжээ. Түүний эхнэр Бриттани Махомс өөрсдийн эзэмшил газарт нь хэсэг хугацаанд төвхнөсөн бүргэдүүд нисэн одсон тухай Инстаграм хуудсаараа дамжуулан хуваалцсан байна.

Бриттани зүлгэн дээрээ үлдсэн мөрийг харуулсан зураг нийтэлж, “Харамсалтай нь тэд явчихлаа. Тэд дэгдээхийнүүдээ өсгөөд одоо ниссэн байх, магадгүй үржлийн үеэрээ эргэж ирэх байх” хэмээн бичжээ.

Эхэндээ тэдгээр шувуудын төрлийг мэдэхгүй байсан тул Google-ээс хайж үзсэн бөгөөд уг шувууд нь цармын бүргэдийн гэр бүл байсныг тайлбарласан юм. Тэд үр төлөө анхааралтай өсгөж байсан бол харин хажуугаар нь цагаан толгойт бүргэдүүд зүгээр л хамт байсан найзууд нь мэт харагдсан хэмээн тэрбээр хуваалцжээ. Бриттани цахим сүлжээндээ хошигнон: “Тэд энд бүр суурьших гээд байна уу? Би жаахан айж байна” гэж бичиж байсан удаатай.

Махомын гэр бүл махчин шувуутай таарсан анхны тохиолдол энэ биш бөгөөд 2025 оны 7-р сарын 2-нд машин тавих зам дээр нь цагаан толгойт бүргэд ирж сууж байжээ. Сонирхолтой нь Патрик Махомын тоглодог Чифс багийн гол өрсөлдөгчдийн нэг нь NFL-ийн Филадельфия Ийглз баг юм. Тэд Super Bowl LVII дээр Ийглзийг 38–35 харьцаатай хожиж байсан бол Super Bowl LIX дээр Ийглзд 40-22 харьцаатай хожигдож байв.

Патрик Махомын хувьд 2025 оны улирлыг нь дуусгасан өвдөгний холбоосны (ACL ба LCL) бэртлээсээ бүрэн эдгэрэх шатандаа байгаа бөгөөд улирлын өмнөх эхний тоглолтод Лос Анжелес Рамс багт 20-12 харьцаатай хожигдох үеэр зоос шидэх ёслолд л оролцсон юм.