Америкийн сагсан бөмбөгийн NBA лигийн “Лос-Анжелес Лейкерс” багийн довтлогч Зиайр Уильямс алдарт дуучин Бруно Марсын тоглолтын үеэр найз бүсгүй, загвар өмсөгч Парис Тиманд гэрлэх санал тавьсан байна.

Энэхүү үйл явдал 10-р сарын 2-нд Калифорни мужийн Инглвүүд хот дахь “SoFi Stadium” цэнгэлдэхэд болсон Бруно Марсын “The Romantic Tour” аялан тоглолтын үеэр тохиожээ. Дуучин Бруно Марс өөрийн алдартай “Marry You” уран бүтээлээ тайзан дээр дуулж байх үед Уильямс сөгдөж, хайртай бүсгүйдээ бөгж бэлэглэсэн байна. Энэ үед тэдний эргэн тойронд конфетти (цаасан бороо) асгарч байв.

Сэтгэл хөдлөлөө барьж ядсан Тиман саналыг нь хүлээн авч “тийм” гэж хариулсан бөгөөд хосууд тэврэлдэхэд цэнгэлдэх дүүрэн үзэгчид уулгалан баяр хүргэжээ. Түүнчлэн уг нандин мөчийг цэнгэлдэхийн аварга том дэлгэцээр олон нийтэд шууд харуулсан байна. Дараа нь “SoFi Stadium” уг бичлэгийг албан ёсны инстаграм хуудсаараа дамжуулан хуваалцжээ.

Бруно Марсын 2010 оны “Doo-Wops & Hooligans” анхны цомогт багтсан “Marry You” дуу нь хуримын дууны жагсаалт болон гэрлэх санал тавих мөчүүдийн хамгийн тохиромжтой сүлд дуу болсон билээ. Дуучин Бруно Марс өдгөө “The Romantic” цомгоороо Billboard 200 жагсаалтыг тэргүүлж, хөгжмийн ертөнцөд амжилтаа үргэлжлүүлсээр байна.