Америкийн хөлбөмбөгийн NFL лигийн Tampa Bay Buccaneers багийн квотербек Бэйкер Мэйфилд одоогийн 3 жилийн 100 сая ам.долларын гэрээнийхээ сүүлийн жилд тоглож байна. NFL-ийн аналитик Майк Флорио түүнийг багтайгаа шинэ гэрээ байгуулж чадаагүйн улмаас тус багаас явахад бэлэн болсон гэж үзэж байгаа ажээ.
Флорио 8-р сарын 15-нд цацагдсан "Pardon My Take" подкастод ярихдаа, Мэйфилд чөлөөт агент болсныхоо дараа Tampa Bay-д өөрийг нь үнэлээгүйн хариу болгож өөр багаас ирсэн бага хэмжээний цалинтай саналыг ч хүлээж авч магадгүй хэмээн онцолсон байна. Тэрбээр Мэйфилдийн очиж болох хамгийн тохиромжтой баг нь Pittsburgh Steelers байж болохыг дурджээ. Учир нь тус багийн квотербек Аарон Роджерсын хувьд энэ нь NFL-д тоглох сүүлийн улирал нь болж байгаа юм.
Мэйфилд болон Buccaneers багийн хооронд улирал завсарлах үеэр гэрээний хэлэлцээ эхэлсэн ч ирсэн санал нь "сэтгэл дундуур" байсан гэгдэж байна. Тэрбээр жилд 50 сая ам.доллар орчмын цалин авах боломжтойг илэрхийлж, бэлтгэлийн цугларалт эхлэх хүртэл хугацаа өгсөн боловч талууд тохиролцоонд хүрч чадаагүй аж.
Том Брэйди зодог тайлсны дараа тус багт нэгдсэн Бэйкер Мэйфилд гурван улиралд багийг хоёр удаа плей-оффт шалгаруулахад тусалж, хоёр ч удаа Pro Bowl-д сонгогдож байжээ. Гэсэн хэдий ч багийн удирдлагууд гэмтэл аваад эргэн ирж буй түүний эрсдэлийг харгалзан хангалттай итгэхгүй байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.