Америкийн хөгжмийн салбарын нөлөө бүхий уран бүтээлч, кантри хөгжмийн домог Вилли Нельсон хиймэл оюун ухааны (AI) дата төвүүдийн бүтээн байгуулалт эрчимжиж байгаад санаа зовниж буйгаа илэрхийллээ. Тэрээр өөрийн амьдардаг Техас мужийн Эббот хотод баригдахаар төлөвлөгдөж буй томоохон байгууламжуудын талаар X (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан нээлттэй захидал илгээсэн байна.
Өдгөө 93 настай дуучин маань “Эббот хотод өсөж торнисон хүний хувьд одоо ч тэнд гэр орон, фермийн газартай. Гэтэл орон нутгийн иргэд бидний газар нутагт халдах гэж буй дата төвүүдтэй тэмцэх шаардлагатай боллоо” хэмээн бичжээ. Тэрээр эдгээр төвийг “дуу чимээ ихтэй, ус сорогч, гэрлийн бохирдол үүсгэгч” гэж тодорхойлсон байна.
Вилли Нельсон нь жижиг фермүүдийг дэмжих зорилготой “Farm Aid” тоглолтыг хамтран үүсгэн байгуулж, олон арван жилийн турш хөдөө аж ахуйн салбарыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн юм. Түүний үзэж буйгаар, хөдөө орон нутгийн хүч нь том үйлдвэрүүдийн ул мөрөнд бус, харин үе дамжсан иргэд, нээлттэй орон зай болон газар шороотойгоо холбогдсон амьдралын хэв маягт оршдог аж.
Техас мужийн удирдлагуудын хувьд ч энэ асуудал хурцаар тавигдаж байна. Тус мужийн захирагч Грег Эбботт хиймэл оюун ухааны дата төвүүдийг хөдөөгийн суурин газруудад барихыг хориглох, эрчим хүч болон усны хэрэглээнд хатуу хяналт тогтоох саналыг дэвшүүлээд байгаа юм. Энэ нь цахилгааны үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалах, эрчим хүчний сүлжээгээ тогтвортой байлгах зорилготой ажээ.
Gallup байгууллагын санал асуулгаар, Америкийн иргэдийн 70 хувь нь орон нутагтаа хиймэл оюун ухааны дата төв барихыг эсэргүүцдэг байна. Вилли Нельсон захидлынхаа төгсгөлд “Хэн хоол хүнс, усны нөөцийг хянана, тэр хүн олон түмнийг захирдаг. Бид өөрсдийн нөөц баялгаа хяналтаасаа алдаж болохгүй” хэмээн хатуу анхааруулжээ.