Эрүүл мэндэд ус хамгийн чухал хэдий ч цоргоны усанд үл үзэгдэх бохирдол байх эрсдэл бий. Үүнээс үүдэн хуванцар савтай ус их хэмжээгээр худалдан авахын оронд гал тогооны цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч Ninja брэнд ширээний тавцанд байрлуулах зориулалттай Ninja HydraSense нэртэй шинэ ус цэвэршүүлэгчээ танилцууллаа.

Энэхүү авсаархан төхөөрөмж нь хананы тогонд залгагдаж ажиллах бөгөөд 96 унц усны багтаамж бүхий савтай тул байнга ус нэмэх шаардлагагүй. Мөн төхөөрөмж дээрх мэдрэгчтэй дэлгэцээр шүүлтүүрийн ашиглалтын хугацааг хянах, авах усны хэмжээгээ сонгон цэвэршүүлсэн усыг шууд авах боломжтой юм.

Шүүлтийн үзүүлэлт болон үнэ

Ninja HydraSense нь хлор, хүнд металл, микропластик болон эмийн найрлага зэрэг бохирдлыг 99 хүртэлх хувиар шүүн цэвэрлэх чадвартайг компанийн мэдээллээс харах боломжтой. Харин усны байгалийн эрдэс бодис, электролитийг шүүж үлдээдэг байна. Тус компани гуравдагч талын туршилтын үр дүнг баталгаажуулсан гүйцэтгэлийн тайланг сонирхсон хэрэглэгчдэд нээлттэй болгожээ.

Төхөөрөмж бүр 120 галлон ус цэвэршүүлэх хүчин чадалтай нэг шүүлтүүрийн хамт ирэх бөгөөд энэ нь зургаа хүртэлх сарын хэрэглээг хангах боломжтой аж. Солих шүүлтүүр нь нэг ширхэг нь 39.99 ам.доллар, хос нь 69.99 ам.долларын үнэтэй байна.

Ninja HydraSense нь 199.99 ам.долларын үнээр Amazon болон Ninja-гийн албан ёсны дэлгүүрээр худалдаалагдаж эхэлжээ. Amazon дээр цагаан (Dove White) болон цэнхэр (Midnight Blue) өнгөтэй худалдаалагдаж байгаа бол ягаан (Rosewater Pink) болон хар өнгийн сонголтыг Ninja-гийн албан ёсны сайтоос худалдан авах боломжтой байна. Мөн албан ёсны сайтаас худалдан авалт хийхэд 24 унцийн Ninja Thirsti аяллын савыг үнэгүй дагалдуулж байна.