Кантри хөгжмийн супер од Гарт Бруксын Sevens Network компани АНУ-ын Нэшвилл хотын бие даасан радиогийн 100.1 FM долгионыг худалдан авахаар болжээ. Мягмар гарагт (11-р сарын 10) Tuned In Broadcasting буюу Lightning 100 суваг уг давтамжийг Sevens Network-т худалдах тохиролцоонд хүрснээ зарласан байна. Энэхүү хэлцэл нь Холбооны Харилцаа Холбооны Комиссын (FCC) зөвшөөрлийг хүлээж байгаа аж.
Нэшвилл хотын иргэдийн дуртай сувгуудын нэг болох Lightning 100 нь 36 жилийн турш орон нутагтаа бие даан үйл ажиллагаа явуулж иржээ. Олон төрөл жанрыг хослуулан бие даасан уран бүтээлчдийг дэмждэг тус радио нь 2009 онд “Live on the Green” хэмээх задгай талбайн цуврал концертыг санаачилж байсан юм. Хэлцэл албан ёсоор батлагдсаны дараа Lightning 100-ийн хөтөлбөрүүд Cromwell Media-ийн 106.3 FM болон 102.5 FM HD3 давтамж руу шилжих бөгөөд шилжилт бүрэн дуусах хүртэл 100.1 FM дээрээ үргэлжлүүлэн цацагдах юм байна.
Харин Sevens Network-ийн мэдэлд очсоны дараа 100.1 FM долгион нь кантри хөгжмийн форматад төвлөрөх ажээ. Гарт Брукс өөрийн мэдэгдэлдээ, энэ нь кантри хөгжмийн домгууд, шилдэг уран бүтээлчид болон ирээдүйн оддыг нэг дор цуглуулах боломж гэдгийг онцолсон байна. Тэрээр мөн энэхүү радио нь Нэшвиллийн орон нутгийн сувгуудтай өрсөлдөх бус, харин тэднийг сурталчлан дэмжих үйлчилгээ байх болно гэжээ.