Германы Лейпциг хотын нисэх онгоцны буудалд Украины «Antonov Airlines» компанийн хоёр An-124 ачааны онгоцны дунд байрлаж байсан дроныг нисэх буудлын ажилтан илрүүлсэн байна. Уг үйл явдал наймдугаар сарын 4-ний шөнө болжээ.
Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндтийн мэдээлснээр, дрон нь нисэх буудлын хамгаалалтын системд баригдахаас сэргийлж тусгайлан тоноглосон байжээ. Уг дрон дээр Семтекс (Semtex) хэмээх хуванцар тэсрэх бодис бүхий атганы хэмжээтэй багц байсан аж. Аз болоход, тэсрэгч механизм нь ажиллаагүй тул дэлбэрэлт болохоос сэргийлж чадсан байна.
Түүнчлэн, тус нисэх онгоцны буудалд өөр нэгэн үйл явдал бүртгэгдсэн нь эрх баригчдын анхаарлыг татаж байна. Тодруулбал, нисэх онгоц буух дөхөж байх үедээ агаарт ямар нэгэн биеттэй мөргөлдсөн байна. Үүнтэй холбогдуулан албаныхан хоёр дахь дрон байсан эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.