Алдарт найруулагч Гильермо дель Торо өөрийн бүтээлүүдэд хиймэл оюун ухаан (AI) ашиглахыг эрс эсэргүүцдэг гэдгээ дахин илэрхийллээ. Тэрээр Сан Диегогийн Comic-Con арга хэмжээний үеэр «Pan’s Labyrinth» киноны 20 жилийн ойд зориулсан шинэчилсэн хувилбар нь ямар ч технологийн оролцоогүйгээр бүтээгдсэнийг онцолсон байна.
Киноны 3D болон HDR хувилбарыг бүтээхдээ бүх ажлыг гараар хийж гүйцэтгэсэн гэдгээ тэрээр хэлжээ. Найруулагч энэ талаар ярихдаа: «Бид урлагийн гоо зүй болон түүний хүч чадлыг хамгаалж байна. Энэ бол зөвхөн ажлын байрны асуудал биш, бид урлагийн түүхэн уламжлалыг хамгаалж байгаа хэрэг юм» хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр киноны гүнийг тодорхойлохдоо хүний шийдвэр чухал гэдгийг онцолж, ажлыг хурдан хийхээс илүүтэйгээр чанартай хийхийг эрхэмлэжээ.
Гильермо дель Торо өмнө нь хиймэл оюун ухааныг «хагас дутуу дэлгэц амраагч» бүтээхээс өөр чадваргүй хэмээн шүүмжилж байсан удаатай. Өнгөрсөн жил NPR агентлагт өгсөн ярилцлагадаа тэрээр хиймэл оюун ухааныг ашиглахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж, «Үхсэн ч гэсэн үүнийг ашиглахгүй» гэж хатуу мэдэгдэж байв.
«Pan’s Labyrinth» киноны шинэчилсэн хувилбар ирэх аравдугаар сарын 9-нд театруудаар гарч эхлэх юм. Мөн уг арга хэмжээний үеэр найруулагч анхны киног бүтээх үйл явцыг харуулсан баримтат кино хийж байгаагаа дуулгалаа. Энэхүү баримтат кинонд Жейкоб Элорди, Кейт Бланшетт, Чарли Дэй нар оролцож, өөрсдийн санал бодлоо хуваалцах ажээ.