DP World Tour-ын мэргэжлийн гольфчин Александр Бьорк 35 насандаа гэнэтийн шийдвэр гаргаж, спортын замналаа өндөрлөснөө зарласан нь гольфын ертөнцийг цочроосон билээ. Тэрээр гэр бүлдээ илүү их цаг зарцуулах зорилгоор ийнхүү зодог тайлсан юм.
Гэвч тэрээр зодог тайлснаасаа хойш нэг хүрэхгүй жилийн дараа дахин нэг тэмцээнд оролцохоор болсноо зарлалаа. Бьорк ирэх долоо хоногт Дани улсын Кертеминди хотын Great Northern талбайд болох 3 сая долларын шагналын сантай Данийн гольфын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Bunkered сайтад өгсөн ярилцлагадаа тэрээр энэхүү эргэн ирэлт нь түүний хувьд сүүлийн тэмцээн байх магадлал тун өндөр гэдгийг баталсан байна.
Тэрээр "Энэ бол ихэнхдээ ганц удаагийн эргэн ирэлт байх болно. Би өнгөрсөн жил зодог тайлах шийдвэр гаргахдаа л энэ улирлыг эцсийн тэмцээнээр дуусгана гэж төлөвлөж байсан" хэмээн ярьжээ.
Бьорк 2009 онд мэргэжлийн тамирчин болсон бөгөөд 2023 онд өөрийн карьерын хамгийн амжилттай улирлыг үдсэн юм. Тэрээр тухайн жил хоёр ч удаа дэд байранд шалгарч, PGA Tour болон DP World Tour-ын гишүүнчлэлийг хоёуланг нь авч байв. Гэвч PGA Tour-д өрсөлдөх явцад нурууны бэртэл болон биеийн байдлын асуудлууд тулгарчээ.
Зодог тайлсныхаа дараа тэрээр гольфоос бүр мөсөн холдолгүй, бизнесийн хөгжил, манлайлал чиглэлээр суралцаж байгаа аж. Түүний энэхүү эргэн ирэлт нь спортын ертөнцөд зодог тайлсныхаа дараа түр эргэн ирж тоглодог бусад тамирчдын жишгийг дагаж байна.