Канадын электропоп дуучин, продюсер Граймс (жинхэнэ нэр нь Клэр Элис Буше) хиймэл оюун ухааны талаарх өөрийн бодлоо илэрхийлж, тун удахгүй гарах шинэ цомгийнхоо талаар ам нээлээ. NME-д өгсөн мэдээллээр тэрээр удахгүй гарах "Psy Opera" нэртэй цомгоо хиймэл оюун ухаан ашиглахгүйгээр бүтээсэн гэнэ.
Граймс хиймэл оюун ухааныг магтахын зэрэгцээ ирээдүйд үзүүлэх нөлөөллийн талаар анхааруулсан байна. Тэрээр хиймэл оюун ухааныг "Есүсээс ч том", "хэзээ нэгэн цагт тохиолдох хамгийн аюултай зүйл" хэмээн тодорхойлсон нь олны анхаарлыг ихэд татлаа. Түүний хэлснээр хиймэл оюун ухаан нь барууны ертөнцөд нэг бурхант шашин тархсантай адил, бүр түүнээс ч илүү нөлөөтэй байж магадгүй аж.
Граймсын хувьд хиймэл оюун ухаан бол шинэ боломж, аюул хоёуланг нь агуулсан технологи юм. Тэрээр өмнө нь хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байсан бөгөөд дуу хоолойгоо ашиглах эрхийг хүн бүрд үнэ төлбөргүй олгож байсан билээ. Гэсэн хэдий ч түүний сүүлийн үеийн мэдэгдэл нь хиймэл оюун ухааны хөгжилд хяналт тавих, болгоомжтой хандах ёстой гэсэн санааг илэрхийлж байна.
"Psy Opera" цомгийн талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа ч Граймсын өмнөх уран бүтээлүүдээс үзэхэд электро, поп, экспериментал хөгжмийн холимог байх болов уу. Фенүүд нь түүний хиймэл оюун ухааны талаарх бодлоо хэрхэн илэрхийлсэн цомгийг тэсэн ядан хүлээж байна.