Грек улсад ойн түймэртэй тэмцэх ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед эмгэнэлтэй осол гарсан талаар тус улсын ERT телевиз мэдээллээ. Афин хотын баруун хэсэгт түймэр унтраах ажиллагаанд оролцож байсан хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлдсөний улмаас газарт унасан байна.

Ослын газар хийсэн дүрс бичлэгээс харахад нисдэг тэрэгнүүдийн нэг нь газарт хүчтэй унаж байгаа нь харагджээ. Грекийн Гал түймэртэй тэмцэх албанаас мэдээлснээр, ослын дараа нисдэг тэрэгний дөрвөн багийн гишүүнийг эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн байна. Псата тосгоны ойролцоо явуулсан аврах ажиллагааны үр дүнд хоёр хүнийг аюулгүй гаргаж авсан бол нөгөө хоёр нь ухаангүй байдалтай олдсон гэж албаныхан мэдэгдлээ.

Грекийн эрх баригчид ойн түймрийг намжаахын тулд томоохон хэмжээний ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнд 500 орчим гал сөнөөгч болон 23 нисэх онгоц, нисдэг тэрэг дайчлагдан ажиллаж байна.