АНУ-ын дуу бичлэгийн академиас зохион байгуулдаг 69 дэх удаагийн Грэммийн наадам (Grammy Awards)-ын нэр дэвшигчдийг тодруулах үйл явц албан ёсоор эхэллээ. Энэ жил академи түүхэндээ анх удаа нийт 100 төрлийн нэр дэвшигчдийг шууд дамжуулалтаар бүрэн зарлаж байгаагаараа онцлог юм. Өмнөх жилүүдэд гол зургаан төрөл болон бусад 12 орчим төрлийг л сонгон зарладаг байжээ.

Нэр дэвшигчдийг танилцуулах үйл ажиллагаанд өмнөх жилүүдийн ялагчид болон нэр дэвшигчид оролцож байна. Тухайлбал, энэ удаагийн наадамд олон төрөлд нэр дэвших өндөр хүлээлттэй байгаа шилдэг шинэ уран бүтээлч Olivia Dean, энэ оны эхээр R&B төрөлд хоёр шагнал хүртсэн Kehlani болон сүүлийн хоёр жил дараалан шилдэг дуу зохиогчоор шалгарсан Amy Allen нар оролцож байна.

Хэвлэл мэдээллийнхэн голчлон дараах үндсэн зургаан төрөлд анхаарлаа хандуулдаг байна:
- Оны шилдэг цомог (Album of the Year)
- Оны шилдэг бичлэг (Record of the Year)
- Оны шилдэг дуу (Song of the Year)
- Шилдэг шинэ уран бүтээлч (Best New Artist)
- Оны шилдэг продюсер (Producer of the Year, non-classical)
- Оны шилдэг дуу зохиогч (Songwriter of the Year, non-classical)

Эдгээр зургаан төрөлд академийн санал өгөх эрхтэй 16,000 орчим гишүүн бүгд санал өгөх боломжтой байдаг. Түүх сөхвөл, шилдэг цомог, бичлэг болон дууны шагналыг 1959 оны анхны наадмаас эхлэн олгож ирсэн бол шилдэг шинэ уран бүтээлчийн төрлийг мөн оны сүүлээр болсон хоёр дахь наадмаас нэмжээ. Харин шилдэг продюсерын шагналыг 1975 онд, шилдэг дуу зохиогчийн төрлийг 2023 онд анх танилцуулж байсан түүхтэй.

69 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол 2027 оны хоёрдугаар сарын 7-ны ням гарагт Лос-Анжелес хотын Crypto.com Arena-д болно. Уг наадмыг 1973 оноос 2026 он хүртэл CBS телевизээр дамжуулсан бөгөөд энэ удаагаас эхлэн ABC телевиз болон Disney+, Hulu стриминг тавцангаар шууд дамжуулахаар болжээ.