2027 оны Грэммийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг 11 дүгээр сарын 16-ны даваа гарагт албан ёсоор зарлалаа. Бүжиг болон электроник хөгжмийн төрөлд поп од Madonna долоодугаар сард гаргасан "Confessions II" төслөөрөө бүжгийн бүх дөрвөн төрөлд нэр дэвшиж, жагсаалтыг тэргүүлсэн байна. Мөн дуучин Slayyyter гурван төрөлд нэр дэвшсэнээр удаалжээ. Шилдэг цомгийн төрөлд Robyn, Skrillex, Tame Impala нар өрсөлдөж байгаа бол шилдэг бичлэгийн төрөлд Fred again.., Tame Impala, Tinashe, Underscores нар багтсан байна.
Гэвч энэхүү нэрсийн жагсаалт олон нийтийн сүлжээ болон хөгжмийн салбарынхны дунд ширүүн маргаан дагуулав. Жагсаалтад багтаагүй DJ, продюсер John Summit өөрийн байр сууриа илэрхийлж, "Байдал өөрчлөгдөхгүй бол Грэммид дахин хэзээ ч бүтээлээ илгээхгүй. Энэ бол онигоо" хэмээн жиргэжээ. Тэрбээр жинхэнэ электроник бүжгийн хөгжим болон DJ нарыг үнэлэхгүй байгааг онцлоод, бүжгийн төрөл нь зөвхөн хөгжмийн салбарын нөлөө бүхий поп оддоор дүүрсэн байна гэж шүүмжилсэн юм.
Түүний жиргээний дараа дуучин Charli xcx "Энэ залуу дахиад л уу!" хэмээн хариулсан бол Tinashe-гийн "Melatonin" дуун дээр ажилласан продюсер nightfeelings өөрийгөө бүжгийн хөгжмийн салбараас гаралтай, Berghain клубийн тайзнаа тоглож байсан туршлагатай хэмээн хариу барьжээ.
Бүжгийн болон электроник хөгжим нь олон дэд урсгалыг нэг дээвэр дор багтаадаг ч трансс, драм энд бэйс, хаус, тек хаус зэрэг урсгалууд тус наадмын анхаарлаас гадуур үлдсээр ирсэн юм. Өдгөө арилжааны хувьд амжилттай яваа ч Summit, Prospa, Cloonee, Mau P зэрэг томоохон уран бүтээлчид өмнө нь хэзээ ч Грэммид нэр дэвшиж байгаагүй бол нэр хүнд өндөртэй Madonna, Tame Impala, Tinashe зэрэг поп чиглэлийн уран бүтээлчид голлох байр суурийг эзэлсээр байна.