Хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах 69 дэх удаагийн Грэмми наадмын нийт 100 төрөлд өрсөлдөх уран бүтээлчдийг зарлах тусгай шууд дамжуулалт 11 дүгээр сарын 16-ны даваа гарагт болохоор товлогдлоо.
Уг шууд дамжуулалтаар нэр дэвшигчдийг зарлахад өнгөрсөн жилийн шилдэг шинэ уран бүтээлч Оливиа Дин, хоёр ч удаагийн Грэммийн эзэн Кэхлани, сүүлийн хоёр жил дараалан шилдэг дуу зохиогчоор шалгарсан Эми Аллен болон өмнө нь гурван удаа шилдэг продюсер болж байсан Фаррелл Уильямс нар оролцоно. Түүнчлэн Алан Менкен, Дэвид Гетта, Херби Хэнкок, Хуанес, Зигги Марли, YUNGBLUD болон Грэммийн гүйцэтгэх захирал Харви Мейсон зэрэг олон эрхмүүд нэрсийг хамтран зарлах юм. Оливиа Диний хувьд оны шилдэг цомог, шилдэг бичлэг, шилдэг дуу зэрэг хэд хэдэн томоохон төрөлд нэр дэвших өндөр хүлээлттэй байгаа бол Кэхлани өөрийн нэрээр нэрлэсэн цомгоороо нэмж шагнал хүртэх магадлалтай байна.
Нэр дэвшигчдийн нэрсийг Grammy.com болон албан ёсны YouTube сувгаар хүргэх бөгөөд анх удаа Таймс Сквер дэх The Square-ээс шууд дамжуулах гэж байна.
Шагнал гардуулах үндсэн ёслол 2027 оны хоёрдугаар сарын 7-ны ням гарагт Лос-Анжелес хотын Crypto.com Arena-д болж, ABC телевиз болон Disney+, Hulu платформоор цацагдана. Энэ удаагийн наадам өмнөх жилүүдийнхээс нэг цагийн өмнө эхлэхээр болсон нь 2024 оны Оскарын наадмын жишгийг дагаж буй алхам юм.