Америкийн хөлбөмбөгийн NFL лигийн Dallas Cowboys баг 2026 оны улиралд 4-6 гэсэн амжилттай явж байгаа бөгөөд дотоод үл ойлголцол, хамгаалалтын асуудлуудаас шалтгаалан шүүмжлэлд өртсөөр байна. Тус багийн холбогч Дак Прескотт 10 дахь долоо хоногийн тоглолтод Сан-Франциско 49ers багийн эсрэг таван тачдаун дамжуулалт хийсэн ч Cowboys 46-40 харьцаатайгаар ялагдсан юм. Энэхүү бүтэлгүйтлийн дараа зарим хөгжөөн дэмжигчид түүнийг энэ улиралд ерөөсөө азгүй байна хэмээн дүгнэхэд хүрсэн байна.

Үүнтэй холбогдуулан арваннэгдүгээр сарын 18-нд Прескоттын экс сүйт бүсгүй Сара Жэйн Рамос инстаграмдаа дагагчдынхаа асуултад хариулах үеэр нэгэн хөгжөөн дэмжигч түүнээс Прескоттод муу ёр дуудуулахаар “Etsy-ийн шулам” хөлсөлсөн үү гэж асуужээ. Рамос хариуд нь өөрийнхөө селфи зургийг нийтлээд “Энэ үнэхээр инээдтэй юм! Etsy-ийн шулам нь би өөрөө байна” хэмээн наргисан байна. “Etsy witch” гэдэг нь Etsy цахим талбараар дамжуулан тарни, зурхай зэрэг метафизик үйлчилгээ худалдаалдаг хүмүүсийг нэрлэдэг сошиал тренд нэршил юм.

Хосууд 2023 оноос болзож эхэлсэн бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард Италийн Комо нуурт хуримаа хийхээр төлөвлөж байсан ч сарын өмнө нь цуцалжээ. Бахамын арлууд руу хамт хийсэн аяллын үеэр Прескоттыг удаа дараа хууран мэхэлсэн гэх асуудлаар Рамос түүнтэй маргалдсан гэгддэг. Прескотт хожим нь салалтыг хоёр талын харилцан шийдвэр гэж тайлбарласан бол Рамос түүнээс өмнө араар тавиулсан тухайгаа сошиалд нийтэлж байсан юм. Тэд 2 настай Маргарет Жэйн, 1 настай Аврора хэмээх хоёр охинтой бөгөөд хүүхдүүдээ хамтран өсгөж байна.