Сүүлийн жилүүдэд алуурчин халимнууд (orcas) завь мөргөж, зарим тохиолдолд живүүлж буй хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, энэ нь үеэс үед дамжин ирсэн соёлын сургамж буюу сурсан зан үйл байж болзошгүй юм. Тэгвэл саяхан Калифорнийн буланд хийсэн судалгаагаар эдгээр амьтад нарны загасыг (sunfish) бүлэглэн мөргөж, биеийг нь жижиг хэсгүүдэд хуваах хүртэл хүчтэй довтолж байгааг дүрс бичлэгээр баримтжуулжээ.

"Frontiers in Ethology" сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаанд дурдсанаар, энэ нь өмнө нь ажиглагдаж байсан мах идэх зорилготой халдлагаас тэс өөр үзэгдэл юм. Далайн эрүүл мэндийг хамгаалах "Beneath The Waves" байгууллагын судлаач Кэтрин Эйрес энэ талаар тайлбарлахдаа: "Бид үүнийг залуу халимнуудад хооллоход нь туслах зорилготой эсвэл зүгээр л тоглоом байж магадгүй гэж таамаглаж байна. Алуурчин халимнууд хоолоороо тоглодог заншилтай амьтад" хэмээн онцолжээ.

Алуурчин халимнууд нь хамтын ажиллагааны өвөрмөц стратеги ашигладгаараа алдартай. Тэд олзоо алах эсвэл цохихдоо хамтдаа ажилладаг бөгөөд үүнийг заримдаа нийгмийн харилцаа, тоглоом, эсвэл суралцах үйл явц гэж тодорхойлдог. Өмнө нь ажиглагдсан баримтуудаас дурдвал, нэг халим нь халим-акулыг барьж байх зуур нөгөө нь мөргөх, туяа загасыг бүслэн хаах, цагаан акулыг агнахдаа зугтах замыг нь хаах, мөн мөсөн дээрх оцон шувуудыг унагахын тулд зориудаар давалгаа үүсгэх зэрэг стратегийг ашигладаг болох нь тогтоогджээ.